Search This Blog

Tuesday, January 17, 2012

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ЁГТ ҮР ДАГАВАР: Монголчуудыг Монголжуу, Монгол улсыг олон ястны болгосон нь

                                        Др. Л. Мөнх-Эрдэнэ  (Австрийн ШУА)

Удиртгал
Монгол улсыг сэргээн байгуулагчдын нэг үндсэн зорилго нь Монголчуудын үндсийг хамгаалах явдал байсан билээ. Монголчууд “язгуурын нэгэн өвөг овгийн” (Очир, Пүрвээ 1982: 279, 142), “нэгэн угсааны яс махны төрөл”, “нэгэн үндэсний тул” “зүй нь жаргавч, зововч төрөвч үхэвч хамт болбаас зохино” (Магсаржав 1994: 41-2, 55) гэж тэд үзэж байжээi.  Тэдний хувьд Монголчууд бусдаас ангид “сургаал, шашин, хэл бичиг, үсэгтэй” (Магсаржав 1994: 41, 19) байлаа.ii 
Гэвч хорь хүрэхгүй жилийн дараахны Монголын эрх баригчдын хувьд зөвхөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсад (БНМАУ) өөр өөр үндэс угсааны 30 шахам бага ястан оршиж байсан төдийгүй Монголын төр засгаас тэдгээр бага ястны тус тусын үндэс угсаа, хэл соёл, аж ахуй, боловсон хүчнийг хөгжүүлэхийг эрмэлзэн “үндэс угсааны бодлого” буюу “бага ястны тухай бодлого” хэмээх кампанит ажлыг улс орон даяар өрнүүлж байлаа.iii
Эдүгээ Монгол улсад 20 гаран ястан буюу угсаатны бүлэг, дэлхий дээр 7 Монголжуу хэл, хэд хэдэн Монголжуу үндэстнүүд оршиж буй ажээ (Кара 2005: 190). 1911 онд нэг үндэс, нэг хэлтэй гэж үзэгдэж байсан Монголчууд чухам яагаад, хэрхэн ингэж үзэгдэх болов? Ялангуяа 1911 он, 1928 оны хооронд юу өөрчлөгдөв? Чухам эдгээр асуултын хариуг тодруулах зорилгоор энэхүү илтгэлээ та бүхний анхааралд толилуулж байна.
Үүний тулд миний бие 17-оос 20-р зууны эхэн үеийн Монголын болон Дайчин улсын түүх бичлэгийн сурвалжууд, шинээр хэвлэгдсэн Дайчин улсын Монгол сурвалжууд, 18-аас 20 зууны эхэн үеийн Орос болон Европын аялагчид, судлаачдын Монголын талаарх зохиол бүтээлүүд, Зөвлөлт, Монголын Монгол судлалын эрдэмтэдийн зохиол бүтээлүүд 19-р зууны сүүлээс 20-р зууны 50-иад оны сүүл хүртэлх үеийн архивийн сурвалжуудыг судлаж үзлээ.
Угсаатанчлалын парадигм товчхондоо
Эдүгээ олон Монголжуу хэл, үндэстэн оршиж буйн үндсэн шалтгаан нь Монголын тусгаар тогтнолын тэмцэл тухайн үеийн олон улсын харилцаа, их гүрнүүдийн баримталж байсан байр суурийн өмнө хүчин мөхөсдсөнтэй шууд холбоотой нь хэн бүхэнд ойлгомжтой хэрэг билээ. Гэхдээ Монголын тусгаар тогтнолоо олж авсан хэсэг болох Монгол улсад чухам яагаад 30-аад ястан буюу угсаатны бүлэг, хэд хэдэн зуун овог, аман аялгуу бүртгэгдэж бий болсон нь миний сонирхолыг татаж энэ судалгааг хийхэд хүргэсэн билээ.
Уг асуудлыг ихэнх судлаачид нэг талаас Монгол дахь феодалын буюу улс төрийн бутрал ба Манжийн хагарган бутаргах бодлого, нөгөө талаас Монголын “нүүдлийн нийгмийн овог аймгийн байгуулалттай” холбон тайлбарлаж иржээ. Гэвч миний судалгаа уг асуудлыг ихээхэн өөрөөр тайлбарлахад хүргэж байна. Монголчууд ба Монгол улсын энэ бүх “олонлогоос” бүрэлдэх болсон нь Монголын улс төрийн бутрал, эсвэл Монголчуудын овог аймгийн байгууллаас болсон гэхээсээ илүү тун саяханаас тухайлбал 1930-аад оноос эдүгээ хүртэл Монголд ноёлох болсон Монголыг эрт ба эдүгээгийнх нь хамт угсаатны зүйн нүдээр, парадигмаар харж, ойлгож, тайлбарлах болсонтой холбоотой болохыг судалгаа маань харуулж байна.
1928 онд Монголын шинэ эрх баригчдын хамт Монголыг угсаатны зүйн үүднээс бүр тодруулбал “угсаатанчлалын парадигмаар” харах үзэл Монголд хуваарьгүй ноёрхох болсон байна. Улмаар уг парадигм Монгол ба Монголчуудыг үзэх “үнэний дэглэм” (Фүко 2001) болон хувирч төрийн бодлого, эрдэм шинжилгээ, боловсролын системд нэвчиж, Монголчуудыг “угсаатанчлалын дурангаар” ангилах, ялгаварлах, хуваарилах, хүмүүжүүлэх бүхэл бүтэн “угсаатанчлалын парадигмийг“ бий болгожээ.
Улмаар уг систем Монголчуудад “угсаатанчлалын нүд” суулгаж тэдний итгэл үнэмшил болгосноор Монголчууд болон Монгол улс энэ бүх өөр өөр үндэстэн, ястан буюу угсаатны бүлэг, овог, хэл, аман аялгуу зэрэг ижилслийн “олонлогоос” бүрэлдэх болсон байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Улмаар “угсаатанчлалын парадигм” нь Монголын эдүгээг төдийгүй өнгөрснийг ч мөн “угсаатанчилсан” байна. Үүний улмаас эдүгээгийн Монгол угсаатны бүлгээс бүрэлддэг бол өнгөрсөн Монгол овог аймгийн бүлгээс бүрэлддэг, өөрөөр хэлбэл Монгол үргэлж л бүлгийн олонлог байсан болжээ. Түүгээр ч барахгүй Монгол төдийгүй төв Азийн энэхүү газар нутаг мөн “угсаатанчлагдсан” байна. Чухам түүний улмаас Төв Ази хэмээх энэ газар нутаг ямар нэг үл ойлгогдох гайхамшигт увидастай болж төрөл бүрийн ард түмнүүдийг ар араас нь угсруулан төрүүлж, зүг бүрт (ихэвчлэн өрнө зүгт) цөлдөг угсаатан-ард түмэн төрүүлэгч голомт болжээ.iv
Гэтэл Төв Азийн хөрш зэргэлдээх тухайлбал Хятадад төр улс л халагдан солигдохоос бус ард түмэн нь халагдан солигдож байсангүй. Тиймээс Төв Азийн түүх улс төр-иргэншлийн түүх гэхээсээ илүү “угсаатан-соёлын” түүх болон хувирч, түүний хамт Монголчууд Монгол хэмээх төр улсын бүтээл бус харин Төв Азийн төрүүлсэн ээлжит нэгэн угсаатан болж хувирчээ. Энэ утгаараа Төв Азийн түүх төр улс-иргэншлийн гэхээсээ илүү байгалийн түүхэнд хамаарах болжээ.
Монголыг олон ястны болгосон нь
Монгол чухам яагаад, хэрхэн энэ байдалд хүрэх болов? Энэ асуултанд хариулахын тулд юуны түрүүнд 1911 он, 1928 оны хооронд юу өөрчлөгдөөд Монголд “угсаатанчлалын парадигм” ноёлох болж, БНМАУ 30 шахам өөр өөр үндэс угсаа бүхий бага ястантай болов гэдгийг тодруулья.
Бид бүхний мэдэж буйгаар 1911 онд Монголын тусгаар тогтнолыг сэргээгсэд нь Чингисийн угсааны ноёд, тэдний хань хамсаатан хутагт хувилгаад байсан билээ. Гэтэл 1928 он бол “хөдөөгийн” Ө.Бадрах, П.Гэндэн, Дорно дахины Хөдөлмөрчдийн Коммунист Их Сургуулийн (ДДХКИС) З.Шижээ, Б. Элдэв-Очир тэргүүтэй, ядуу, дорд, жинхэнэ ард гаралтай Зүүнтнүүд хэмээх Коминтерны тавиулууд Монголын засгийн эрхэнд гарсан үе билээv.  1911 оноос 1928 оны хооронд Монголд болсон хамгийн том хувьсгалт өөрчлөлт нь чухам энэ буюу Монголыг байгуулж, түүнийг олон зуун дамнуулан авч ирсэн Чингисийн угсааныханы эрх мэдлийг халж, “хөдөөгийн”, ядуу, дорд ард Монголыг засаглах болсон явдал юм.
Эрх баригчдын хамт Монголыг үзэх үзэл халагдсан байна. Монголыг тодорхойлж, төлөөлж, бүтээж ирсэн Чингисийн угсааныханы үзэл халагдаж түүний оронд ДДХКИС-д суралцсан “хөдөөгийн” ядуу, дорд, харц гаралтай залуусын “үзэл” Мoнголд ноёлох болсон юм. Харц гарал, залуу нас нь тэднийг Чингисийн угсааныханы үзлээс тасалсан бол зах хязгаар хөдөө нутгийн гарал, боловсрол нь тэдэнд Монголыг, Монголын ерөнхий улс төрийн амьдралын нарийн ширийнийг ойлгох боломжийг ч тун хомс олгожээ. Энэ бүхэн нь тэднийг Зөвлөлтийн үзэл суртал, нөлөөнд хялбар автахуйц төдийгүй даган баясахуйц болгосон аж. Үнэндээ тэд Коминтерн, Зөвлөлтийн бодлогыг Монголд хэрэгжүүлэхийн тулд тавигдсан учир тэд Коминтерн, Зөвлөлтийн Монголын талаарх үзэл баримтлалыг төлөөлж байсан юм. Тийм ч учир тэдний Монголд явуулсан “бага ястны тухай бодлого” хэмээх кампанит ажил нь Коминтерн ба Зөвлөлтийн Монголд явуулж байсан бодлогын бүрэлдэхүүн төдийгүй, Зөвлөлтөд үндэстний асуудлыг шийдэхийн тулд Большевикуудын явуулж байсан үндэстний бодлогын хуулбар байсан юм.vi
Чухам энэ үед буюу 1928 онд Борис Владимирцов “Зүгээр л Монголчууд гэж байхгүй, харин Халхчууд, Харчинууд, Буриадууд, Чахарууд гэх мэт л бий … бие биенээсээ … ялгардаг төрөл бүрийн овог аймгууд, … өөрсдийгөө … Монгол овог аймагт (монгольскому племени) багтаан үздэг Монгол ард түмнүүд (монгольские народы)” л бий. “Монгол овог аймгуудад харьяалагдахын үндсэн шинж тэмдэг нь хэл юм. Монгол хэлээр ярина гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь аль нэг Монгол аялгуугаар ярина, Халхууд, Харчинууд, Буриадууд, Дөрвөдүүд ярьдаг шиг ярина гэсэн үг. Нэгдмэл нийтийн хэл байхгүй, байгаа ч үгүй, бие биенээсээ ямар нэг хэмжээгээр ялгардаг бүлэг аялгуунууд л байдаг, тэгээд л тэр” гэж тунхаглаж байсан нь Коминтерн, ЗХУ-аас Монголын талаар явуулж байсан бодлоготой цаг хугацааны хувьд ч, үзэл баримтлалын хувьд ч яв цав нийлж байсан юм (NARK, f.R3, op.2. d. 114).vii  Чухам энэ үеэс эхлэн Монголыг ойлгох энэ парадигм Монголд, Монгол судлалд ноёлох болсон билээ.
Улмаар Зүүнтнүүд ч чухам энэ парадигмыг тулгуур болгож Монголд Касимов гэгч зөвлөгчтэй, “бага ястан” гэдэг статустай өөр өөр “үндэс угсааны” буюу “үндэстний” төлөөллөөс бүрэлдсэн, Алтайн Урианхайн Т.Сурахбаяраар даргалуулсан Үндэс угсааны явдлын зөвлөл буюу Бага ястны зөвлөлийг байгуулж Зөвлөлтийн заавар, зөвлөгөө, туршлагыг үнэнчээр мөрдөж “үндэс угсааны” буюу “бага ястны тухай бодлого” хэмээх кампанит ажлыг эрч хүчтэй явуулж Монголыг уг бодлогынхоо дагуу өөрчлөн байгуулж эдүгээгийн олон “үндэстний”, “үндэс угсааны”, эсвэл “олон угсаатны” эсвэл олон ястны Монгол улсыг бүтээжээ.viii  1930-аад оноос эхлэн Зүүн удирдлага Судар бичгийн хүрээлэн, Улсын бага хурлын гишүүд, орон нутгийн удирдлагуудыг дайчлан Монгол дахь үндэстэн угсаатнуудыг бүртгэж, хүн амыг нь тоолж, газар нутаг хуваарилж, засаг захиргааны өөрчлөлт хийж, үндэс угсааных нь ухамсар сэтгэлгээг нь сэргээж, боловсон хүчнийг нь бэлтгэж, хэл соёл, эдийн засгийг нь хөгжүүлж, улмаар яс үндсээр нь ангилж паспортжуулсан байна.
Чухам тийм ч учир Монгол хэмээх нэр нь Монгол улсад албан ёсоор үндэстний юм уу “яс үндэс”, “үндэс угсаа”, “яс угсаа”-ны нэр бус болж, харин ЗХУ-ын нэгэн адил төр улс, орны нэр болон хувирч Монголчууд Монгол хэмээх “үндэс угсаанд” бус харин Халх, Дөрвөд, Дарьганга, Дархад хэмээх “үндэс угсаануудад” хамаарагдах болсон төдийгүй Монголчууд албан ёсоор Халх, Дөрвөд, Дарьганга, Дархад хэмээх хүн, хүмүүс болон бүртгэгдэх болсон байна.  Ингэснээр Монгол улс нь Халх, Дөрвөд, Дарьганга, Дархад гэх мэт олон ард түмний зэрэгцэн орших олон үндэс угсааны ЗХУ-ын нэгэн адил улс болсон юм. Өөрөөр хэлбэл Монгол улсад Монголчууд биш харин Халхууд, Дөрвөдүүд, Дарьгангачууд, Дархадууд оршин суудаг болж хувирсан байна.
Монголын паспорт, тооллого болон элдэв бүртгэл дээр байдаг “яс үндэс”, “үндэс угсаа”, “яс угсаа” хэмээх категори национальность гэдэг утга илэрхийлж байсан учир Жамсраны Цэвээн Зүүнтнүүдийн даалгавараар 1934 онд бичиж дуусгасан Дархад, Хөвсгөл нуурын Урианхай, Дөрвөд, Хотон, Баяд, Өөлд, Мянгад, Захчин, Торгууд, Хошууд, Цахар, Дарьганга, Алтайн Урианхай, Хасаг, Хамниган нарын гарал, үндэс байдлын өгүүлэл хэмээх зохиолдоо тэднийг “аймаг” хэмээн “доош нь хийсэн төдийгүй” бүгдийг нь Монгол үндэснийх гэж Орос, Зөвлөлтийн эрдэмтдийг сөрөн батлахыг оролдож байжээ (Цэвээн 1934). Чухам тийм ч учир А.Амар мэтийн хүмүүс 1938 он хүртэл “яс угсаа”-гаа Монгол гэж бүртгүүлж байсан нь өөрийгөө Монгол л гэж ойлгож байсныг нь харуулах төдийгүй, Монголчуудыг олон үндэстэнд хувааж буйтай эвлэрч чадахгүй байсныг нь гэрчилж байгаа юм. Үнэндээ Монголчууд Халх, Дөрвөд, Дарьганга, Дархад хэмээн бүртгүүлдэг ч Н.Ишмамцын тэмдэглэсэнчлэн аман эсвэл хар ярианд Монголчууд өөрсдийгөө Монгол (Булаг 1998: 102), эсвэл дор хаяхад “Халх” гэж бүртгүүлэгсэд нь өөрсдийгөө Монгол л гэж ойлгодог, дууддаг билээ.
Гэтэл Б.Я.Владимирцовын дэвшүүлсэн парадигмаар Зөвлөлтөд бэлтгэгдсэн Б.Ринчен (1979), Ш.Лувсанвандан (1959) тэргүүтэй Монголын судлаачид Владимирцовын үзэл баримтлалыг улам төгөлдөршүүлж нэгэнтээ Монголд 30 шахам угсаатны бүлэг, хэдэн зуун овог, 304 зүйлийн нутгийн аялгуу (Болд 1993: 151) илрүүлэн байршил, нутагшил, тархацыг нь тогтоож нарийвчилсан атлас хүртэл гаргасан төдийгүй, зан заншил, хэл соёлынх нь ялгааг нэг бүрчлэн бүртгэж, олон боть ном, сурах бичиг, нэвтэрхий толь, музейн үзмэр бэлтгэсэн бол Монголын соёл урлаг, боловсролын байгууллагууд нь тэдгээр угсаатны, ястны хүн амыг хүмүүжүүлэн үйлдвэрлэх болсон байна.ix
Эндээс та бүхэн Монголын улс төр, бичгийн зарим хүмүүс Монголыг өөрөөр харж байсныг, түүгээр ч барахгүй орчин цагийн Монголын эрдэмтэд, судлаачдын бүтээсэн Монголын дүр төрх нь Монголчуудын аман эсвэл хар яриатай, амьдралтай тэр бүр нийлэхгүй байгааг анзаарч байгаа байх.
Тиймээс одоо чухам А.Амарын эсвэл Ж.Цэвээний эсвэл Монголчууд “аман” эсвэл “хар” яриандаа өөрсдийгөө Монголчууд гэж нэрлэх, дуудах болсон нь ямар учиртайг тодруулахыг оролдоё. 1930-аад оноос өмнө Монголчууд эсвэл дор хаяхад үзэл баримтлал нь сурвалжид тусгагдан үлдсэн тэр Монголчууд Монголыг 1930-аад оноос хойшхи Монголчуудаас өөрөөр гэхдээ Амарынхтай, Цэвээнийхтэй эсвэл аман буюу хар ярианыхтай төстэйгөөр ойлгодог байсныг судалгаа маань харуулж байна. Нэгэнт хэрэглэж буй 1930-аад оноос өмнөх, түүний дотор ялангуяа 1900-оод оноос өмнөх сурвалжууд маань ихэвчлэн Чингисийн угсааны ноёд тайж нар болон тэдний хамсаатан лам, хутагтуудын бийрийн үзүүрээр бүтээгдсэн учир би тэр сурвалжуудын илэрхийлж буй үзэл санааг Чингисийн угсааныханы парадигм (Chinggisid paradigm of Mongolia) гэж нэрлэв.
Монголыг үзэх Чингисийн угсааныханы парадигм
Монголыг үзэх Чингисийн угсааныханы үзэл нь тэдний эзэн эрх дээр суурилсан Монголыг бүхэлд нь тэвэрсэн үзэл байв. Өөрөөр хэлбэл Чингисийн (шууд ба шууд бус) угсааныханы эрх барьж ирсэн тэр орон зай Чингисийн угсааныханы хувьд тусдаа бие даасан “Монгол улс”, “Монгол орон”, “Монгол нутаг”, “Монгол овогтон” байв (Л.Мөнх-Эрдэнэ 2006). Тиймээс ч тэдний нэг В.Инжаннаши “Цагаан хэрмийн гадна бүхүй Монгол хэмээгч манай энэ биеийн нэгэн аймгийн оршсон хойд бие Орос улсад зах нийлж, зүүн этгээд Хармөрөн, баруун хязгаар Хөхнуур, үүний дотор бүхүй өвөр зургаан чуулган, ар дөрвөн аймаг Халх, Хөхнуур, Цахар, Барга, Өөлд, Дөрвөд, Ил, Ховд хэмээн таван мянган газар, урт түмэн газар шахам ийм их газар” гэж бичиж байжээ (Инжаннаши 2006: 58, 57, 45).x  Тиймээс Кристофер Этвудын (1994) хэлснээр Чингисийн угсааныханы хувьд Монгол “үргэлжид тусдаа улс орон” байсан бөгөөд хэзээ нэгэн цагт Дайчин улсаас салан тусгаарлаж тусгаар “төр улс болох нь зүй ёсны” хэрэг байсан юм.
Үнэндээ тэдний Монголыг үзэх үзэл нь Дайчин улсын өмнөх үеийн Монголын улс төр, засаг захиргааны байгууллын улбааг хадгалсан ч, Монгол Дайчин улсын хүрээнд хэрхэн улс төр засаг захиргааны хувьд хэрхэн зохион байгуулагдсан байсныг гүн гүнзгий шингээсэн үзэл байв.xi Энэ утгаараа Чингисийн угсааныханы Монголыг үзэх үзэл нь Дайчин улсын хүрээнд Монголын эзлэж байсан байр суурь, улс төр засаг захиргааны байгуулал дээр суурилсан төрийн нүдээр (seeing like a state) Монголыг үзэх парадигм байв.xii
Гадаад Монгол гэсэн нэрийн дор Монгол Дайчин улсын бусад хэсгээс тусдаа засаг захиргаа, газар нутаг, хил хязгаар, хууль цааз, хүн амтай байсан учир Чингисийн угсааныхан Монголыг “Монгол улс”, “Монгол орон”, “Монгол нутаг”, “Монгол овогтон” гэж харж байсан юм. Үнэндээ Дайчин улсын дор Монголын олон ханлиг улсууд нэгэн дээвэр дор нэгдэж, улмаар Дайчин улсын явуулсан бодлогын улмаас тэдгээр ханлигуудын улс төрийн байр суурь бүдгэрчээ. Тиймээс ч 19-р зууны сүүл үе болоход Халх, Хөхнуур, эсвэл Өөлд, Ил, эсвэл Дөрвөд Ховд ялгарахгүй болсон учир “Халх, Хөхнуур, Цахар, Барга, Өөлд, Дөрвөд, Ил, Ховд” гэж нэгэн дор бичигдэж байсан хэрэг юм. Өөрөөр хэлбэл чухам улс төрийн ач холбогдол нь алдагдсан учир Халх, Цахар гэх мэт Монголын хүчирхэг ханлигууд Ил, Ховд, Хөхнуур зэрэг Дайчин улсын үеийн засаг захиргааны хэсгүүдтэй нэгэн адил үзэгдэх болсон байна.
Үнэндээ тэдгээрийг бүгдийг нь тус бүрд нь “аймаг” гэж нэрлэж байсан бөгөөд харин “аймаг” нь тухайн үед хожим нийгмийн хувьслын онолын бий болгосон нийтлэг угсаа гарал, ураг төрлийн зохион байгуулалт бүхий төр улсын өмнөх үеийн нийгмийн хөгжлийн шатны хүмүүсийн нийтлэг бус харин нэгэн төр улсын дотор болон дор орших дэд хэсгүүдийг нэрлэдэг нэр томьёо байсан юм. Үнэндээ “аймаг” гэдэг нэр томьёо 17-р зууны хоёр дугаар хагас хүртэл Монголын нэрлэгдсэн хэсгүүдийг нэрлэдэг нэр томьёо байгаагүй бөгөөд чухам 1636 онд Монголын ноёд Манжийн эрх баригчийг хаанд өргөмжилж Дайчин улсыг байгуулснаар тэдний эзэмшлүүдийг “аймаг” гэж нэрлэх болсон юм (Этвуд 2010, Мөнх-Эрдэнэ 2010, 2011). Дайчин улсын явуулсан бодлогын улмаас хошуу, чуулган илүү их ач холбогдолтой болж аймгууд бүдгэрч, нэрс нь Монголын газар нутгийн хэсгийг нэрлэдэг нэр томьёо шахуу болсон байв.
Улмаар Дайчин улсын хүрээнд Гадаад Монголын хүн амыг бүхэлд нь нэгэн адилаар Монголчууд гэж ангилж, нэрлэж байсан учир Дайчин улсын хүрээнд Монголын нэгдэл, нийтлэг Монгол ижилсэл сэргэсэн юм. Чухам эл учир Чингисийн угсааныханы Монгол овогтон нь бүх Монголчуудыг хамарч байсан юм. Тиймээс ч 19-р зууны Боржигин тайж Гончигжав (2006: 60, 82-83) Торгууд, Өөлд, Хойд, Дөрвөдийн ноёдыг Добу сохорын дөрвөн хүүгийн үрс Боржигин овогтнууд гэж бичиж байсан бол Монголын тусгаар тогтнолд оролцсон язгууртнууд Монголчуудыг “язгуурын нэгэн өвөг овгийн Монголчууд”, “язгуураас нэгэн овог төрөл”, “язгуураас нэгэн угсааны яс махны төрөл”, “уг язгуур үндэс нэг бөгөөд ашиг зовлон хамт”, “язгуураас нэгэн үндэсний тул зүй нь жаргавч, зововч төрөвч үхэвч хамт болбаас зохино” гэж үзэж байсан ажээ.
Чухам Чингисийн угсааныхан Монголыг ингэж үзэж байсан учир Монголын төр улс бүх Монголчуудынх байх ёстой гэж үзэж Хятадын эрх мэдэлд үлдсэн Өвөр Монгол, хаант Оросын булаан авсан Тагнын Урианхайг эгүүлэн авах байр суурийг Монголын эрх баригчид туйлбартай баримталж байжээ. Монголыг үзэх Чингисийн угсааныханы үзэл баримтлал Монголд ноёлох парадигм байсан юм бол Владимирцовын, Зүүнтнүүдийн парадигм хаанаас гарч ирсэн байж таарах вэ?
Монголыг үзэх угсаатны зүйн парадигм
Монголыг үзэх Чингисийн угсааныханы парадигмийн хажуугаар Монголыг үзэх өөр нэг парадигм бий болсон нь Орос, Европ дахины Монгол судлал, түүний дотор ялангуяа 19-р зууны Оросын газар зүйн нийгэмлэгээс илгээсэн удаа дараагийн шинжээчдийн бий болгосон Монголын талаарх угсаатны зүйн мэдлэг байсан юм.
Орос болон Европт Монгол судлал Халимаг, Буриадыг судлах замаар эхэлсэн бөгөөд улмаар Халимаг, Буриадын талаарх мэдлэгээр төдийгүй Халимаг, Буриадуудын, ялангуяа Байгалийн чанадахь Буриад козакууд (Cossacks) болон Буриадын залуу сэхээтнүүдийн тусламжтайгаар Монголыг судлаж, нээж эхэлсэн ажээ. Тиймээс Монгол судлал эхнээсээ Монголыг зах хязгаар, салбараас нь төдийгүй, зах хязгаар салбараас харсан нүдээр хөтлөгдөж эхэлсэн юм. Гэтэл Европ болон Сибирийн өмнөд хэсэгт бие биенээсээ алслагдан оршихын дээр, Монголоос улс төрийн хил хязгаар, нутаг дэвсгэрийн хувьд алслан таслагдсан хаант Оросын харьяат Халимаг, Буриадыг Орос, Европын эрдэмтэд судлан нээх явцдаа тэднийг хоорондоо “арьстны” буюу “угсаа гарвал”, хэл, соёлын хувьд холбоотой, ижил төстэй болохыг төдийгүй улмаар Монголчуудтай холбоотой, тэдний хэсэг болохыг нь нээсэн байна. Оросын харьяат, хүн ам цөөтэй Халимаг, Буриадыг Орос, Европын эрдэмтэд шууд л овог аймгийн байгуулалтай гэж үзсэн төдийгүй тэднийг Монголын овог аймаг гэж үзэж, ингэснээрээ Монголыг Халимаг, Буриад шиг овог аймгуудаас бүрэлддэг гэж ойлгох болжээ.
Үнэндээ Монгол тусгаар төр улс бус харин Дайчин улсын захиргаанд орших тархай бутархай олон ноёд тайж нарын эзэмшлүүдээс бүрэлдэж байсан нь үндэстэн-улсын эрин үеийн төвлөрсөн улсуудад боловсорч, нийгмийн хувьсалын онол, угсаатны зүйн мэдлэгээр зэвсэглэсэн Орос, Европын эрдэмтдийн уг ойлголтыг улам бэхжүүлж өгсөн байна. Чухамдаа Монгол тусгаар төр улс биш байсан учир улс төрийн категори биш харин “арьстны” угсаатны, угсаатны зүйн, соёлын категори байлаа. Чухам эл учир Монголыг улс төрийн хил хязгаараар бус харин угсаатны зүйн хил хязгаараар өөрөөр хэлбэл “арьстны” (угсаатны), хэл, соёл зан заншлын хил хязгаараар тодорхойлон судлах болжээ. Тиймээс Халимаг, Буриад нар нь угсаатны (этнографическая) Монголын бүрэлдэхүүн хэсэг байв. Чухам эндээс угсаатны зүйн буюу эрдэм шинжилгээний Пан-Монголизм (Academic Pan-Mongolism) үүссэн бөгөөд энэ нь хожим улс төрийн Пан-Монголизмын (Political Pan-Mongolism) суурь болсон байна.
Монголыг үзэх угсаатны зүйн буюу эрдэм шинжилгээний Пан-Монголизм нь үнэндээ угсаатаны судлалын парадигм (ethnological paradigm) байлаа. Монгол “арьстны”, “угсаатны”, “соёлын” категори өөрөөр хэлбэл байгалийн түүхийн бүтээгдэхүүн болсон төдийгүй нийгмийн хувьслын онолын дагуу “угсаатан-ард түмний” хөгжлийн төр улсын өмнөх шат руу хуваарилагдаж, овог аймгийн зохион байгуулалттай болжээ. Чухам нийгмийн хөгжлийн овог аймгийн шатанд оршиж байсан учир Монгол угсаа гарлын хэлхээ холбоотой бүлэг цөл овог аймгийн олонлогоос бүрэлдэх болж, ингэснээр Монгол угсаа гарлын холбоотой бүлгүүдийн олонлог болж хувирчээ. Ийнхүү угсаатны зүйн парадигм нь Монголыг угсаатны зүйн категори болгож Халимаг, Буриадыг нэмсэн төдийгүй, Монголыг өөрийг нь угсаа, соёлын олонлог болгож хувиргажээ. Тиймээс энэ парадигм нь үнэхээр Пан-Монголын төдийгүй бас Олон-Монголжуугийн (Multiple-Mongolic) байлаа.
Монголыг үзэх Чингисийн угсааныханы парадигмд Монгол улс төрийн категори байсан бөгөөд улс төр, засаг захиргааны нэгж аймаг, чуулган, хошуудаас бүрэлдэж байсан бол Монголыг үзэх угсаатны зүйн парадигмд (ethnographic paradigm of Mongolia) Монгол угсаатны зүйн категори төдийгүй угсаатан судлалын категори болж “угсаатны” нэгжүүд болох овог аймаг, ястнаас (народность) бүрэлдэх болжээ. Ингэснээр Халх, Дөрвөд, Дарьганга, Дархад зэрэг нь аймаг буюу улс төр засаг захиргааны хөгжлийн явцад бий болсон хэсэг, нэгж бус харин хүмүүс, Халх, Дөрвөд, Дарьганга, Дархад хэмээх хүмүүсийн нийтлэг, бүлэг болж хувирсан байна. Ийнхүү улс төр, засаг захиргааны нэгж хүмүүсийн бүлэг болж хувирсан төдийгүй, тэднийг угсаатны парадигмаар тодорхойлж байсан учир тэд угсаа гарал, хэл соёл, зан заншил гэх мэт угсаатны зүйн хувьд ялгаатай хүмүүсийн бүлгүүд болжээ. Ингэж улс төрийн хуваагдал соёлын, улмаар “яс цусны”, өөрөөр хэлбэл байгалийн ялгаа болж хувирчээ.
Чингисийн угсааны Монголыг үзэх парадигмд Монгол улс төрийн категори болохын хувьд Чингисийн угсааныханы засаглалаар хил хязгаар нь тодорхойлогдож, энэ утгаараа Дайчин улсын Гадаад Монголоор Монгол тодорхойлогдож байсан бол угсаатны зүйн Монгол хэл, соёлоор тодорхойлогдож Халимаг, Буриадыг ч төдийгүй хамрах болов. Чингисийн угсааны парадигмд Монгол улс төр захиргааны хувьд хуваагдсан нэг ард түмэн байсан бол угсаатны зүйн парадигмд Монгол хэл, соёлын хувьд ижил төстэй овог аймгуудын нийтлэг нэршил байлаа. Чингисийн угсааны парадигм Монголыг төрийн, эрх баригчдын өнцөгөөс дээрээс харсан улс төрийн парадигм байсан бол угсаатны зүйнх нь Монголыг угсаатны зүйн үүднээс гаднаас, зах хязгаараас, доороос харсан парадигм байлаа. Чингисийн угсааныханы парадигм Монголыг улс төрийн хил хязгаараар харж байсан учир тухайн улс төрийн хил хязгаарын доторхийг бүхэлд нь, цулд нь нэг ард түмэн гэж харж байсан бол угсаатны зүйн парадигм нь Монголыг ижил төстэй олон овог аймгийн олонлогоор харж байлаа. Тиймээс Чингисийн угсааныханы парадигм Монголыг нэг цулаар харж байсан бол угсаатны зүйнх Монголыг ижил төс ба ялгаа гэдэг категориор харж түүний ижил төсийг, төдийгүй ялгааг томруулан харж байлаа.
Энэ парадигмийн ялгааны туйлыг дээр эшилсэн Б.Я.Владимирцовын байр суурь илэрхийлж байсан бол ижил төсийн туйлыг нь мэдээж Ж.Цэвээний үзэл баримтлал төлөөлж байлаа. Энэ хоёр байр суурь нь эрдэм шинжилгээний бус харин улс төрийн чиг баримжаа байв. Ж.Цэвээний үзлийг Пан-Монголын гэдгийн адил Б.Я.Владимирцовынхыг Олон-Монголын эсвэл олон Монголжуугийн үзэл (multiple-Mongolic) гэж нэрлэж болох юм. Үнэндээ Монголыг үзэх угсаатны зүйн парадигм нь нэгэн зэрэг Пан-Монголын болон Олон-Монголжуугийн байсан бөгөөд чухам Пан-Монголын болгох уу эсвэл Олон-Монголжуугийн болгох уу гэдэг нь улс төрийн байрь сууринаас л шалтгаалах зүйл байв. Хэрвээ Монголыг нэгтгэх байр суурь баримталбал Пан-Монголын, хэрвээ Монголыг задлах, хуваах байр суурь баримтлавал Олон-Монголжуугийн болгон хувиргах боломжтой парадигм байсан юм. 1928 онд Зүүнтнүүд чухам Олон-Монголжуугийн үзлийг хөхүүлэх, Пан-Монголизмийг булшлахын төлөө засгийн эрхэнд тавигдсан бөгөөд тэдний хувьд Ж.Цэвээний болон Монголын бусад эрх баригчдын баримталж байсан Чингисийн угсааныханы үзэл баримтлал хоёулаа Пан-Монголын үзэл байсан нь ойлгомжтой учир тэд түүнийг ч мөн булшилсан юм.
Олон-Монголжуугийн үзлийн ялалт
Одоо Олон-Монголжуугийн үзэл Чингисийн угсааныханы болон Пан-Монголын үзлийг хэрхэн халах болсныг авч үзье. Чингисийн угсааныханы үзлийг баримтлагчдын дэвшүүлсэн зорилт нь Дайчин улсын Гадаад Монголыг тусгаар тогтносон Монгол улс болгох явдал байсан бол Пан-Монголын үзэлтнүүдийн зорилт нь “бүх Монгол овог аймгийг нойрноос сэрээж”, тэдэнд үндэсний ухамсар суулгаж, улмаар нэгэн төрийн дор нэгтгэж, Монголчуудын нэгдсэн төр улс байгуулах явдал байлаа. Харин Пан-Монголын үзлийн Монгол нь Дайчин улсын харьяанд байсан Монголоор төдийгүй Халимаг, Буриадыг хамарч байв.
Гэтэл Орос, Хятад хоёр дөнгөж Халх, Ховдын хязгаарт автономи эрх олгох замаар Монгол улсыг хязгаарлахын хамт Хятад өмнөд Монголыг, Орос Тагнын Урианхайг салган авахаар шийдсэн байна. Гэвч Монголын эрх баригчид Дайчин улсын Гадаад Монголын бүрэлдэхүүнд байсан өмнөд Монгол, Тагна Урианхайг буцааж авах байр суурин дээр 1924 оны МАХН-ын 3-р их хурал хүртэл тууштай зогссон аж. Монгол үндэстнийг нэгтэх зорилт МАХН-ын эрмэлзэх арван зүйл буюу мөрийн хөтөлбөрт тусгагдсан байсан тул Монголын эрх баригчид “Монгол овогтныг нэгтгэж улсын суурийг бататгах” (Бадрах 2001: 49), Тагнын Урианхайг Монголд буцаан авахыг тууштай эрмэлзэж байсан ажээ. Чухам эл учир МАХН-ын мөрийн хөтөлбөрийг өөрчлөх асуудлыг Элбэгдорж Ринчино дэвшүүлэхэд С.Данзан уг “эрмэлзэх арван зүйл бол Ринчино нарын зэрэг хүмүүсээс шинэ зүйлийг нэмэн гаргасан төдийгөөр өөрчилж болох тийм энгийн зүйлүүд бишээ” гэж тууштай хамгаалсны улмаас амиа алдахад хүрсэн байна (МАХН-ын гуравдугаар их хурал 1966: 65).
С.Данзанг хөнөөснөөр МАХН-ын мөрийн хөтөлбөрийг өөрчлөх, Тагнын Урианхайг Монголоос тусгаар болгох зам засагдсан байна. Улмаар Коминтерн МАХН-ын мөрийн хөтөлбөрийг шинээр боловсруулах ажлыг гартаа авч, Коминтерний төлөөлөгч Матвей Амагаев “Гадаад Монголын олон түмэн ард бол бусад монгол овогтны нэгэн адил эрх чөлөө эдлүүлсүгэй гэж хүсэх нь зүйтэй боловч энэ тухайг намын мөрийн хөтөлбөрт тусгай зүйл болгон оруулсны хэрэггүй…Гадаад монгол бол бусад монгол овогтны дур саналыг хэрэгсэхгүй бүх монгол угсаатан ба газар усыг нэгтгэнэ гэх нь зохилдохгүй…Монгол улсаас Тагнын Урианхайг заавал бидэн лугаа нэгдтүгэй гэж тэдний зориг хүслийг мохоож зохилдохгүй” (МАХН-ын дөрөвдүгээр их хурал, 1978: 97). Харин ч “Тус нам нь зорилгодоо олон үндэстний тухай аливаа овогтон өөрөө засах хэргийг ёсоор явуулахыг үндэс болговол зохих бөгөөд энэ нь монгол овогтны ард түмэн үндэсний эрх чөлөөг олсны хойно хэрэв тэдний эрх ашигт зөрөх зүйлгүй бөгөөс өөрсдийн дур саналаар нэгдэж холбоот улс тогтоход саад боомт болох явдалгүй болой” (Мөн тэнд, 97-98) гэж номлосноор Монголыг нэгтгэх асуудал мөрийн хөтөлбөрөөс хасагдаж улмаар 1926 онд БНМАУ Тагнын Урианхайг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Монголчууд олон ард түмэнд, олон улсад хуваагдах болжээ.
Түүгээр ч барахгүй Коминтерны төлөөлөгч М.Амагаев нарын боловсруулсан хөтөлбөр (1925 оны гуравдугаар сарын бүгд хурал дээр) “БНМАУ-ын дотор халхчууд ба бусад үндэстний бага аймгууд хоорондоо аливаа тусгаарлан үзэх явдлыг бүрмөсөн халж, ялангуяа бусад үндэстний бага буурай аймгуудын тухай халхчуудын зүгээс дээрэнгүйлэн үзэх мэтийг бусад үндэстний бага буурай аймгуудыг ялгаварлахгүй жинхэнэ ардын эрх чөлөөг хүндэтгэх” (МАХН-ы тогтоол шийдвэр, 1956: 113) гэж зүтгэсний улмаас “БНМАУ-ын хязгаарт багтсан олон угсааны ардад өөрөө засах эрхтэй болгохыг батлах” болсон байна (МАХН-ын дөрөвдүгээр их хурал, 1978: 113). Ийнхүү Монгол улс ч олон үндэстэн, ястны улс (multi-ethnic) болжээ.
Тагнын Урианхайн тусгаар тогтнолыг зөвшөөрсөн ба “олон угсааны ардад өөрөө засах эрхтэй болгохыг батласан” нь “Тагна урианхай тусгаар улс болоод байхад Чандманийн аймаг тусгай улс болоход үл болох газаргүй” (МАХН-ын долдугаар их хурал, 1980: 167) гэсэн үзлийг дэвэргэсэн төдийгүй хожим У.Булагийн (1998) “Халх-төвийн үзэл” (Halh-centrism) гэж нэрлэсэн “мангасыг” ч бий болгосон байна. Ингэснээр Монголын тусгаар тогтнол, нэгдлийн төлөө боссон хэн бүхнийг нэг бол Пан-Монголын үзэлд эсвэл Халх-төвийн үзэлд буруушаах хаалга нээгджээ.
Ийнхүү 1924 он гэхэд Монголыг үзэх Чингисийн угсааныханы парадигм, улс төрийн үзэл баримтлал дарагданxiii  мөхсөн байна. Монголын улс төрийн тавцанд Монголыг угсаатны зүйн парадигмийн үүднээс үзэх үзэл ноёлох болж түүний хоёр хувилбар болох Пан-Монголын үзэл, Олон-Монголжуугийн үзэл хоёр өрсөлдөх болжээ. “Нутгийн захиргааг ардчилах” гээч болон хаант засгийг халж бүгд найрамдах нэртэй Зөвлөлийн засаглал (власть советов) тунхагласнаар Чингисийн угсааныхан улстөрийн тавцанаас үндсэндээ арчигдсан бөгөөд хаант байгуулал халагдсанаар Чингисийн угсааныханы байгуулсан төрийн хэлбэр ч халагдсан байна. Улмаар хаант байгууллыг халж, Чингисийн угсааныханыг зайлуулсан нь Ар Монголыг Чингисийн угсааныхан засагласаар байсан өмнөд Монголоос улс төр, нийгмийн байгууллын хувьд ч тасалсан хэрэг байлаа. Үндсэндээ Чингисийн угсааныханы төрийн дор Монголыг нэгтгэх боломж ийнхүү бүрмөсөн алдагдсан байна.
Улмаар нутгийн захиргааг ардчилж, бүгд найрамдах засаглал тунхаглаж, Зөвлөлийн засгийг байгуулж, анги ялгаварлан “жинхэнэ харц дорд ардыг” хөхүүлснээр Ө.Бадрах, П.Гэндэн, З.Шижээ, Б. Элдэв-Очир, Л.Лааган нарын орон нутаг, зах хязгаарын явцуу үзэлтэй харцас төрийн эрхэнд гарах боломж нээгджээ. Энэ нь хэрэг дээрээ Чингисийн угсааныхан болон тэдний дэргэд хүмүүжсэн түшмэдүүдийн Монголыг харах “бүргэдийн нүдийг” (bird’s eye view) харцас доордсын “шавьжны нүдээр” (worm’s eye view) халсан улс төр, нийгмийн төдийгүй Монголыг үзэх парадигмийн, улс төрийн үзэл баримтлалын хувьсгал байлаа. Удирдан жолоодоход хялбар учир Коминтерн “хөдөөнийхнийг” дэмжиж байсан билээ. Тиймээс ч 1928 онд Ө.Бадрах, П.Гэндэн нарын “хөдөөнийхөн” болон Б. Элдэв-Очир, З.Шижээ нарын ДДХКИС-д бэлтгэгдсэн залуус засгийн эрхэнд тавигдаж Коминтерн болон Зөвлөлтийн заавраар Пан-Монголын үзлийн эсрэг аян дайн зохион байгуулахынxiv  хамт үндэс угсааны бодлого хэмээх нэрийн дор олон-Монголын үзлийг дэлгэрүүлж, инститүцжүүлсэн нь Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын засаглалын жилүүдэд шинжлэх ухаан, боловсролоор дамжин ард олонд тархаж тэдний итгэл үнэмшил болсноор эдүгээ Монголын нийгмийн бодит байдал болжээ. Ийнхүү Монголын төр Коминтерн, ЗХУ-ын тусламжтайгаар нэгэнтээ Монголыг зах хязгаараас нь, зах хязгаарын Монголжуу хүмүүсийн нүдээр зуучлуулсан угсаатны зүйн мэдлэг, парадигмийг Монголыг үзэх төрийн нүд (seeing like a state view), төрийн бодлого болгон хэрэгжүүлж, Монголыг Монголжуу болгож, Монгол улсыг олон ястны болгосон байна.
Дүгнэлтийн оронд: Ёгт үр дагавар
Хэдийгээр Чингисийн угсааныханы хувьд Монгол улс төрийн категори байсан боловч Монгол нь өөрийн тусгаар төр улсгүй эзэнт гүрний зах хязгаар байсан учир Европын төвлөрсөн улс, нийгмийн хувьслын болон “арьстны онолоор” (racial theory) зэвсэглэсэн эрдэмтэд судлаачдын нүдэнд угсаатны зүйн категори байлаа. Тэдний бүтээсэн угсаатны зүйн мэдлэг нь Халимаг, Буриадын талаарх мэдлэг болон тэдний тусламжтайгаар бүтээгдсэн төдийгүй ихэвчлэн Монголын зах хязгаар нутгийн оршин суугчдын мэдээлэл дээр тулгуурлагдан бүтээгдсэн байлаа. Тиймээс энэ мэдлэг нь Монголыг гаднаас, зах хязгаараас, дороос харсан угсаатны зүйн төдийгүй Европ-төвийн, Буриад-төвийн байсны дээр Монголын гадна талд оршиж байлаа. Монгол ба Монголчуудыг хэл соёлын нийтлэгээр нь тодорхойлж байсны хувьд уг мэдлэгийн Монгол нь Чингисийн угсааныханы Монголоос илүү өргөн хүрээтэй байсан билээ. Тиймээс уг мэдлэг нь өөрөө Пан-Монголын шинжтэй байсан бөгөөд улмаар улс төрийн Пан-Монголизмыг төрүүлсэн байна.
Улс төрийн Пан-Монголизмийн зорилт нь Чингисийн угсааныханы тусгаар төр улс байгуулах, ноёдын бие даасан эзэмшлүүдийг улс төрийн хувьд нэгтгэх зорилттой давхцаж байсан учир энэ хоёр үзлийг ялгахад төвөгтэй төдийгүй Монголыг угсаатны зүйн нүдээр харж, түүнийг эдүгээгийн тогтсон улс төрийн хилээр тодорхойлох байр суурьтай хэн бүхний хувьд хоёулаа Пан-Монголын гэж ойлгогдож байсан билээ. Тиймээс ч Пан-Монголизм гэж нэрлэгдсэн ажээ. Чухам Монголыг Халх, Ховдын хязгаарын хэмжээнд тодорхойлж, Монголоос түүний өмнөд хэсэг болон Тагнын Урианхайг тусгаарлахын тулд Пан-Монголизмыг (түүний хамт Чингисийн угсааныханы үзлийг) булшлах хэрэгтэй болсон юм. Чухам Пан-Монголизмыг булшлахын тулд Коминтерн 1924, 1928 оны эргэлтүүдийг (Мөнх-Эрдэнэ 1999; Дашдаваа 2003, 2008) зохион байгуулсан бөгөөд энэ явцдаа Тагна Урианхай, Өвөр Монгол, тэр ч байтугай БНМАУ-ын доторх нэр бүхий 30-аад нэгж, хэсгийг бие даасан үндэстэнд тооцож тэднийг өөртөө засан тохинох эрхтэй хэмээн хөхүүлсэн байна. Түүнчлэн Коминтерны санаатайгаар дэвшүүлэн Монголын эрх барих албан тушаалуудад тавьсан хөдөө, зах хязгаарын, боловсрол багатай, харц этгээдүүдийн хошуу, жалга довны явцуу үзэл нь Коминтерны хөхүүлэн дэвэргэж байсан үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзлийг хүлээн авах үржил шимтэй хөрс суурь болсон нь ойлгомжтой юм.
Чухам ингэж Монголыг угсаатны зүйн нүдээр, овог аймгийн нүдээр, ястан угсаатны нүдээр тодорхойлох парадигм Монголын доод ангийнхны, орон нутаг, жалга довны үзэлтэй хоршиж Монголын төр, нийгэм, шинжлэх ухаан, оюун санаанд ноёлох болсон байна. Ийнхүү улс төрийн зорилгын тулд Коминтерн болон Зөвлөлт Монголыг оюун санаа, танин мэдэхүйнxv  хувьд байлдан дагуулж, Монголыг үзэх угсаатны зүйн парадигмийг “Монголын үнэн” болгож тогтоосон байна. Ийнхүү Монголд Европын үзэл санаа, шинжлэх ухааныг дэлгэрүүлж, Монголчуудыг улс орноо, өөрсдийгөө Европын шинжлэх ухааны үүднээс нээн судладаг болгох төдийгүй, тэднийг “соёл иргэншилт ард түмний гэр бүлд” дэвшүүлэн оруулах, түүндээ Оросын сургууль, их сургууль, Оросын харьяат Буриадуудыг ашиглахыг мөрөөдөж байсан Г. Потанин нарын шинжээчдийн мөрөөдөл 50-иадхан жилийн дараа Зөвлөлт засаг, Коминерны тусламжтайгаар биелэлээ олжээ (Потанин 1881: III-XVI).
Нөгөө талаар Коминтерн болон Зөвлөлтийн үндэстний талаарх бодлого нь Монголд төдийгүй ЗХУ-д ч угсаатны зүйн парадигм дээр суурилсан байсан билээ.xvi  Мөн үед Зөвлөлтөд явагдаж байсан үндэсний бодлого нь Оросын эзэнт гүрний дор байсан олон үндэстний ард түмнүүдэд үндэсний өөрөө засан тохинох эрх эдлүүлэх нэрээр тэдэнд үндэстний төр улсын хэлбэр (form of nationhood) болон автономи эрхийг олгох замаар тэдний тусгаар тогтнох гэсэн эрмэлзлэлийг хазаарлахад чиглэгдэж байсан билээ. Тиймээс Коминтерн, Зөвлөлтийн Монголд явуулсан үндэстний бодлого нь Зөвлөлтийн үндэстний бодлоготой шууд уялдаа холбоотой авч хэрэглэсэн зорилго нь өөр өөр байв. Зөвлөлтөд үндэсний бодлого нь тэдгээр олон ард түмнийг Зөвлөлтийн эзэнт гүрний дотор барьж байхад чиглэгдэж байсан бол Монголд уг бодлого нь Монголыг хуваахад, бутлахад хэрэглэгдсэн юм.
Чухам үүний улмаас Монголчууд олон Монголжуу ард түмнүүд болж, Монгол улс олон ястны болсон төдийгүй Монгол судлалд угсаатны парадигм хуваарьгүй ноёлох болж, улмаар Монголын өнгөрсөн ч “овог аймагчлагдаж”, Монгол төр улсын бус байгалийн түүхийн, тодруулбал нийгмийн хувьслын тодорхой шатанд царцсан бүтээгдэхүүн болжээ.
Тусгаар тогтнол, үндэсний төр улс дэлхий даяар үргэлж л үндэсний нэгдэл, нягтрал, ижилслийг төрүүлж, бэхжүүлж ирсэн түүхтэй. Чингисийн угсааныхан Монголын тусгаар тогтнолыг тунхаглахдаа ч чухам тийм үзэл баримтлалтай байсан ажээ. Гэвч Монголын тусгаар тогтнолыг удирдсан Чингисийн угсаа залгамжлал их гүрнүүдийн өмнө хүчин мөхөсдөж, түүхийн тавцанаас арчигдахын хамт хэдэн зууныг дамнуулан авч ирсэн улс орон, газар нутаг нь ч хэсэгчлэн хэрчигдсэн байна. Түүгээр ч барахгүй ёгтой нь тэдний улс төрийн үзэл баримтлалыг халсан шинжлэх ухааны нэр хүндэд тулгуурласан, Европын, зах хязгаарын, харц дордосын үзэл Монголыг угсаатны зүйн категори болгосон төдийгүй Чингисийн угсааныханы эзэмшлүүдийг овог аймаг, ястан болгож тэгснээрээ Чингисийн угсааны хунтайж нарыг овог аймгийн удирдагчид болгожээ.
Тархай бутархай ч тусгаар тогтнол, эзэн эрхээ алдаагүйсэн бол Чингисийн угсааныхан Монголыг засаглсан хэвээр ч байсан байх магадгүйн дээр Монгол эсвэл Монголчууд Герман хэлтэй ард түмнүүдийн нэгэн адил холбооны болон хэд хэдэн тусгаар тогтносон төр улсууд ч байх байсан байж болох юм.

--------------------------------------------------------------------------------
Тэмдэглэгээ:
  i Мөн Жамсран 1996: 66; Мөнх-Эрдэнэ 2006: 82-3-ыг үзнэ үү.
  ii Мөн Очир, Пүрвээ 1982: 71, 173; Мөнх-Эрдэнэ 2006: 83-ыг үзнэ үү.
  iii МАХН-аас бага ястны тухай гаргасан бодлого, 1930; Мягмарсамбуу 2009; Болдбаатар 2009-ыг үзнэ үү.
  iv Мөн Монголын талаарх өрнөдийн антропологийн парадигмийн шүүмжийг Снийт 2007-гоос үзнэ үү.
  v Коминтерн ба Монголын харилцааны талаар Дашдаваа 2003, 2008-ыг үзнэ үү.
  vi ЗХУ-ын жишээний тухай Мартин 2001, Хирш 2005, БНХАУ-ын жишээний тухай Мулланей 2010-ыг тус тус үзнэ үү.
  vii Мөн Владимирцов 2006-г үзнэ үү.
  viii Үндэс угсааны бодлогын талаар МАХН-аас бага ястны тухай гаргасан бодлого, 1930; Мягмарсамбуу 2009; Болдбаатар 2009-ыг үзнэ үү.
  ix Жишээ нь Бадамхатан, 1987, 1996, 1996-г үзнэ үү.
  x Мөн Галдан 2006: 23-25, 165-6; Жамбадорж 2006: 4-5; Ишбалдан 2006: 35, 38-39; Хөх түүх 2006: 43, 82-ыг үзнэ үү.
  xi Дайчин улсын өмнөх үеийн Монголын улс төрийн байгууллын тухай Снийт 2007; Мөнх-Эрдэнэ 2010-ыг үзнэ үү.
  xii Төрийн нүдээр үзэхийн (seeing like a state) талаар Скотт 1998-ыг үзнэ үү.
  xiii Фүко-гийн (1980: 82) “дарагдсан мэдлэг” (subjugaged knowledges) гэдэг ойлголтыг харьцуулж үзнэ үү.
  xiv Ө. Бадрахын зохиол 2001 (1932) уг аян дайны нэг яруу тод дурсгал болно. Мөн Барга, Өвөр-Монголын асуудалд Коминтерн ба Зөвлөлт хэрхэн нөлөөлснийг К. Этвуд (2002)-аас үзнэ үү.
  xv “Танин мэдэхүйн хүчирхийлэл” гэдэг ойлголтыг Спивак, Г. (1988)-аас үзнэ үү.
  xvi ХУ-ын жишээний тухай Хирш 2005; БНХАУ-ын жишээний тухай Мулланей 2010-г тус тус үзнэ үү.

--------------------------------------------------------------------------------
Эшлэл:
Бадамхатан, С. (Редактор). 1987, 1996, 1996, БНМАУ-ын угсаатны зүй, Гурван боть Улаанбаатар.
Бадрах, Ө.  2001 [1932], Намаас баруун бөөрөнхийчүүд лүгээ тэмцсэн амжилттай тэмцлийн туршлага, Шинэ үсэгт буулгаж, хэвлэлд бэлтгэн, тайлбар хийсэн Чунт. Чу. Болдбаатар, Сорон. На. Сүхбаатар. Улаанбаатар.
Болд, Л. 1993. Монгол улс дахь нутгийн аялгуу судлалын тойм, В.И. Рассадин (редактор) Исследования по истории Монгольских языков, х. 134-58. Улан-Удэ.
Болдбаатар, Ч. 2009. БНМАУ-ын Бага хурлын дэргэдэх байгууллагууд, Acta Historica, Tomus X, х. 252-258
Булаг, У. (Bulag, U. E.). 1998. Nationalism and Hybridity in Mongolia. Oxford: Clarendon Press.
Владимирцов, Б.  2006. Монгол болон Ойрд овог аймгуудын утга зохиол ба хэлний эдүгээгийн байдал, Acta Mongolica Volume 6 (267), х. 53-62. Улаанбаатар.
Галдан. 2006. Эрдэнийн эрих, Улаанбаатар.
Гончигжав. 2006. Сувд эрих хэмээгдэх шастир оршив. Улаанбаатар.
Дашдаваа, Ч. 2003. Улаан түүх (Коминтерн ба Монгол), Улаанбаатар.
Дашдаваа, Ч.  2008. Монгол дахь төрийн эргэлт, Улаанбаатар.
Жамбадорж. 2006. Болор толь, Тэргүүн дэвтэр, Улаанбаатар.
Жамсран, Л.  1996. Монголын цагаагчин гахай жилийн хувьсгал, Улаанбаатар.
Инжаннаши, В.  2006. Хөх Судар, Тэргүүн дэвтэр, Улаанбаатар.
Ишбалдан. 2006. Эрдэнийн эрих. Улаанбаатар.
Кара, Г. (Kara, G.). 2005. Books of the Mongolian Nomads: More than Eight Centuries of
Writing Mongolian, Bloomington: Research Institute for Inner Asian Studies, Indiana University.
Лувсанвандан, Ш. 1959. Монгол хэл аялгууны учир, Улаанбаатар.
Магсаржав, Н. 1994 [1925-27]. Монгол улсын шинэ түүх, Улаанбаатар.
МАХН-аас бага ястны тухай гаргасан бодлого (Монггол арад-ун хубисгалту нам-аца баг-а ясутан-у тухай гаргагсан бодолг-а), 1930 Улаган багатур хота.
Мартин, Т. (Martin, T.). 2001. The Affirmative Action Empire: Nations and Nationalism in the Soviet Union, 1923-1939. Ithaca and London: Cornell University Press.
МАХН-ы тогтоол шийдвэр, 1956 (Монгол Ардын Хувьсгалт Намын их, бага хурал, Төв Хорооны бүгд хурлуудын тогтоол шийдвэр 1921-1956), Улаанбаатар: Улсын Хэвлэл.
Монгол Ардын Хувьсгалт Намын гуравдугаар их хурал, Дэлгэрэнгүй тэмдэглэл. 1966. Улаанбаатар.
Монгол Ардын Хувьсгалт Намын дөрөвдүгээр их хурал, Дэлгэрэнгүй тайлан. 1978. Улаанбаатар.
Мөнх-Эрдэнэ, Л. 1999. Монгол дахь “улаан” хувьсгал (Бүгд Найрамдах улс тунхаглаж Анхдугаар үндсэн хуулийг баталсан түүхэн үйл явц, нийгэм, төрийн байгууллын өөрчлөлт, үр дагавар), XX зууны Монголын түүхийн зарим асуудал, х. 59-75. Улаанбаатар.
Мөнх-Эрдэнэ, Л. (Munkh-Erdene, L.). 2006. The Mongolian Nationality Lexicon: From the Chinggisid Lineage to Mongolian Nationality (From the seventeenth to the early twentieth century), Inner Asia 8 (1), pp. 51-98.
Мөнх-Эрдэнэ, Л. (Munkh-Erdene, L.) 2010. The 1640 Great Code: an Inner Asian parallel to the Treaty of Westphalia, Central Asian Survey, Vol. 29 (3), pp. 269-288.
Мөнх-Эрдэнэ, Л. (Munkh-Erdene, L.). 2011. The Qing Transformation of Mongolia: Structural Ethnicization and Tribalization of Mongolia, A paper presented at the conference entitled “Administrative and Colonial Practices in Qing Ruled China: Lifanyuan and Libu revisited”,
Max Plank Institute for Social Anthropology, April 7-8, 2011.
Мулланей, Т. (Mullaney, T.). 2010 A. Coming to Terms with the Nation: Ethnic Classification in Modern China, University of California Press.
Мягмарсамбуу, Г.  Нам, засгаас баримталсан үндэсний бодлого ба Бага ястны зөвлөлийн тухайд (1930-1932) Acta Historica, Tomus X, х. 259-270.
Очир, А., Пүрвээ, Г.  (Эмхтгэгчид) 1982. Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, Баримт бичгийн эмхтгэл 1900-1914, Улаанбаатар: Улсын Хэвлэлийн Газар.
Потанин, Г. 1881. Очерки Северо-Западной Монголии, выпуск 1, С. Петербург.
Ринчен, Б.  (Эрхэлсэн). 1979. Монгол ард улсын угсаатны судлал хэлний шинжлэлийн атлас, Улаанбаатар.
Скотт, Ж. (Scott, J.). 1998. Seeing Like a State: How Certain Schemes to improve the Human
Condition have failed, Yale University Press.
Снийт, Д. (Sneath, D.) 2007. The Headless State: Aristocratic Orders, Kinship Society, & Misrepresentations of Nomadic Inner Asia, Columbia University Press.
Спивак, Г. (Spivak, G.) Can the Subaltern Speak? in C. Nelson and L. Grossberg (eds.) Marxism and the Interpretation of Culture, Macmillan Education: Basingstoke, Pp. 271-313. 
Фүко, M. (Foucault, M). 1980. Power/Knowledge: Selected Interviews and Other Writings 1972-1977. Edited by Colin Gordon. New York: Pantheon Books.
Фүко, M. (Foucault, M.). 2001. Truth and Power, in Power, ed. James D. Faubion, Essential Works of Foucault, Volume 3, pp. 111- 133.
Хирш, Ф. (Hirsch, F.). 2005. Empire of Nations: Ethnographic Knowledge and the making of the Soviet Union, Ithaca and London: Cornell University Press.
Хөх түүх, 2006. Улаанбаатар.
Цэвээн, Ж. 1934. Дархад, Хөбсүгүл нагур-ын Уриянгхай, Дөрбэд, Хотонг, Баяд, Өгэлэд, Минггад, Захачин, Торгуд, Хошуд, Цахар, Дариганг-а, Алтай-ийн Уриянгхай, Хасаг, Хамниган нар-ун гарул үндүсү байдал-ун өгүлэл.
Этвуд, К. (Atwood, C.). 1994. National Questions and National Answers in the Chinese Revolution; Or, How Do You Say Minzu in Mongolian? Indiana East Asian Working Paper Series on Language and Politics in Modern China.
Этвуд, К. (Atwood, C.). 2002. Young Mongols and Vigilantes in Inner Mongolia’s Interregnum
Decade, 1911-1931. 2 volumes, Brill.
Этвуд, К. (Atwood, C.). 2010. How the Mongols Got a Word for Tribe—and What It Means, Studia Historica Mongolica, Tomus 10: 63-89.

Жич: Др Л.Мөнх-Эрдэнэ эл өгүүллээ Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100-н жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал дээр хэлэлцүүлсэн бөгөөд уг өгүүллийг өмнө нь www.dayarmongol.com зэрэг цахим сайт нийтэлснийг дурдья.

Tuesday, January 10, 2012

Хүмүүний СҮЙРЭЛ - II (пост-постмодерн бодрол)

Юуны өмнө энэхүү бодролыг “Өдрийн сонин”-д (2011. 12. 24, Бямба, № 309) хэвлэгдсэн цагаас нь хойш болон шавь нар маань блогтоо тавьж, түүнээс улбаалан онлайнаар түгсэн цагаас хойш санаанд оромгүй сонин сайхан санал бодол бичигдсэнийг үндэслэн үргэлжлүүлэн бичих  ёстой юм байна гэж үзлээ. Санал бодлоо илгээсэн хүн бүрт гүнээ талархаж байна. Чингэхдээ эхлээд энэхүү бодролыг бичсэн учир шалтгаанаа дурдан гаргах нь зүйтэй гэж үзлээ. Сүүлийн хорин жилд дэлхий дахинд болон манай оронд болсон үйл явдал, өөрчлөлтөд хувь бодгалийн хувьд нэг их сочиж хэлмэсэн зүйлгүй гэдгээ цохон тэмдэглэе. Мэдээж хэрэг миний амьдралын дөч орчим жил нь хуучин соц нийгмийн дунд өнгөрсөн боловч энэ өөрчлөлтийг оюун санаагаараа хүлээн авах бүрэн бэлтгэлтэй байсан маань 1985-аас 1987 оныг дуустал Парисын хэл, иргэншлийн дээд сургуульд гурван жил багшилж, өрнөдийн соёл иргэншил, түүний үнэт зүйлстэй болон техник, технологийн ололттой аль хэдийнээ танилцаж,  франц хэлийг шамдан сурч, бүх мэдээллийг олж авах боломжтой байсантай маань холбоотой билээ. Парисын хаяа хот Нантеррт байдаг угсаатан судлал, социологийн лабо-д нэрт эрдэмтэн, профессор Роберт Амайоны багтай хамтран Монгол-Франц толь зохиоход нь тусалж, Монголд огт сураггүй байсан, хазсан алимын ялгац тэмдэгтэй, тэнд нь үндэслэгч Стив Жобсын хажуугийн  галбир (profile) харагддаг “Apple” компанийн “Макинтош” компьютер дээр ажилладаг байсансан. Монголд ирсэн хойноо ч энэ компанийн анхны загварын зөөврийн нөүтбүүкээр ажиллаж, одоо дөрөвдэх компьютерээ элээгээд сууж байна. Хамгийн гол нь монгол утга соёлоо судлан сурвалжлах, тайлан тайлбарлахыг нэгэн насны маань дуудлагат үйл хэрэг хэмээн мэдэрч, өрнөдийнхөн “нийгэм, соёлын хүн судлал” (Social and Cultural Anthropology) хэмээн нэрлэдэг энэ салбарт олон жил ажиллалаа. Тэгээд энэ мэргэжлийнхээ буянаар өрнө, дорнын олон оронд уригдаж, олон улсын хурал, симпозиумд тогтмол оролцдог, урт богино хугацаагаар лекц уншдаг маань  газар газрын их, дээд сургуулийн багш, профессорууд, эрдэм шинжилгээний  шилдэг ажилтан, тухайн мэргэжилдээ шинжээчийн зэргэмжид хүрсэн (expert) хүмүүстэй уулзуулж, танилцуулж,  үргэлжид шинэ сэргэг бодол, сэтгэлгээ, мэдээлэл авах аз завшааныг бүрдүүлсэн юм. Одоо ч гэсэн Францын  Франсуа Раблегийн нэрэмжит Турын их сургуульд, тэр дундаа Юнескогийн түүх, соёлын төлөөлөгчийн газрын анхны зочин профессороор уригдан  лекц уншиж байна. Энэ маань бас хувийн аж амьдралд ч их нэмэр нөөлөгтэй, дунджаас дээш амьдралтай явахад маань нөлөөлсөн гэж боддог (ямар хөрөнгө орлогын мэдүүлгээ бичилтэй нь биш). Тэгэхлээр би цагийн цавиргаан, төрийн төвөргөөнд, аж амьдрал, оюун санаагаараа хохирч уруудангаа, гутранги үзэлтэй болчихоод энэ бүхнийг бичсэн юм биш. Тэгээд дээр нь орчин цагийн дэлхийн түгээмэл гурван хэл англи, орос, францаар бүх мэдээллээ олж аваад, дэлхийн газар бүрийн анд нөхөдтэйгөө харилцдаг нэгэн. Ингэхлээр энэ эрин цагийнхаа нүргээнд барьц алдаад, түүртээд байсан юм алга. Гэвч миний хувийн аж амьдрал хэчнээн сайн сайхан байх нь яахав, гэрээс гаруут нүдний өмнө тохиолдож байгаа бодтой байдал, энэ нь тэгээд дэлхий дэхиний (global) шинжтэй байгаа нь эмзэглэл төрүүлж, хувийн харилцаатай дотоод, гадаад оюунлаг анд нөхдийнхөө санал бодлыг байнга сонсч, харилцан ярилцдаг маань энэ асуудлыг  эргэцүүлэн бясалгахад хүргэж, сүүлдээ үзэг цаас нийлүүлэхээс аргагүй болсон билээ. Хэрэггүй юм хийсэн бол үүнээс хэрэггүй юм хийдэг хүн алийг тэр гэхэв. Хэрэгтэй юм байсан бол дэмий алмайрч суугаад алдчихна гэх үү дээ (За, ямар СV-гээ бичилтэй нь биш). “Харанхуй байна” гэж орилохын оронд нэг ч гэсэн гэгээ гаргах гэсэн л хэрэг.
Энэхүү бодролоо “пост-постмодерн” хэмээн нэрлэсний учир нь 1970-аад оны үеэс эрч хүчээ авсан постмодернизмын өгөөжийг бид хүртдэгээ хүртээд, зарим үндэслэлүүд нь цаашид саад тотгор учруулж мэдэхээр төлөвтэй болсон тул түүний дараагийн сэтгэлгээ хэрэгтэй боллоо гэсэн санаагаар ийнхүү нэрлэсэн билээ. Хамгийн наад зах нь постмодернизмын нэгэн гол төлөөлөгч Жан-Франсуа Лиотарын “Постмодерн нөхцөл байдал: Мэдлэгийн тухай тайлан” хэмээх тулгуур бүтээлд “мэдлэг заавал үнэн байх албагүй” гэснээс  ямар нэгэн хэмжээгээр үүдэлтэй, ерөөсөө ч постмодерн нийгэмд хуурмаг мэдлэг, мэдээллийн орчин нөмөрч, хүмүүний аж төрөл, хувь заяаг сүйтгэх төлөвтэй болсонд эмзэглэж, үнэн мэдлэг, мэдээллийн төлөө эрмэлзэх чин санаагаа эрэлхийлж байгаа маань  энэ нэгэн жишээ болох юм. Хүмүүн төрөлхтөн хэдүй хэр төөрөгдөн буйг хэлж заадаг хүн нь би биш боловч ямар ч байсан төөрөлдөөд байгааг нь харин  бага сага гадарлахын эрхэнд, юунд төөрөлдөөд байгаа юм гэсэн асуултанд “мөнгөний шашинд” гэж эхлээд товчхоноор хариулъя. Тэгвэл яг эсрэгээр үнэн мэдлэг (энэ нь заавал шинжлэх ухааных ч байх албагүй), мэдээлэл нь урьд өмнө бидний мэдэх бүх баялгаас (алт эрдэнэс, орд харш, үйлдвэр уурхай, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, мөнгө төгрөг, үнэт цаас өөр юу байдаг юм) эрхэм баялаг, хүмүүний орших, эсэхийг шийдэх үнэ цэнтэй баялаг, амь амьдралын маань авралын од гэдгийг хэлье.
Энэ байдлаас гарах гарц, эцсийн шийдэл нь юу вэ гэсэн асуултыг хүмүүс тавьсан байна.    Үүнд маш олон талтай хариулт байж болох бөгөөд өөрийн санаж сэрсэн зүйлээс  заримыг нь хуваалцъя. Эхлээд хүмүүн төрөлхтөнд нийтэд нь хамаатай асуудлаас эхэлбэл, бид эхлээд бүх үнэнийг биш юмаа гэхэд зарим хагас үнэнийг нь ч атугай санаж сэрэх, түүнээсээ улбаалаад залуу хойч үедээ ойлгуулах, улмаар ёс зүйн үнэлэмжийн баримжаагаа өөрчлөх, ер нь ч цаашдаа (аж амьдралын) философийнхоо морийг юүлэх  цаг болсон шиг байна. Намайг сургуулийн сурагч байхад Оросын ургамал зүйч Иван Владимирович Мичурины “Байгалийн хишгийг бид горьдож суух ёсгүй, булааж авах хэрэгтэй” гэдэг үг уриа лоозон болдог байлаа. Тэр цагтаа их л мэргэн сэцэн сонсогддог байсан энэ үг хожим үзэхэд ямар хуйхар харгис  номнол байсан нь мэдэгддэг бөгөөд нэгэн цаг үеийнхэн энэ номнолоор явж, “уулыг нурааж, усыг эргүүлэх” “баатарлаг үйлст” шамдан, эх байгалиа сүйтгэх эрдэмд дориун гэгч суралцсан билээ. Гэтэл дэлхийн нөгөө бөөрөнд үүнээс ч долоон доор номнол гарч ирсэн нь “Надад зорилгодоо хүрэхэд минь тус болж буй бүх зүйл зөв” гэдэг прагматик  үзэл баримтлал болно. Ээ, тэнгэр минь, энэ дэлхийн долоон тэрбум хүн тус бүрдээ ингээд үзэлцчих юм бол одоо энэ хорвоо ертөнц дээр чинь юу үлдэх юм бэ? Үүнийг чинь ялимгүй өөрчлөх юм бол “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэсэн өнөөх л аюумшигт гаргалгаанд яах ч аргагүй хүрч очоод байна (Энэ маань ямар аюумшигт  үр дагавартай болох талаар 1991 онд миний бие Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын анхдугаар хуралдайн илтгэлд онцлон дурдсан билээ). Ядаж тэр зорилго нь ямар ч зорилго байж болоход, тэр тусмаа арга нь ямар ч арга байж болоход хамаг аюумшиг нуугдаж байна. Тэгээд газар дээр үг дуугүй үйлчлэгч цөөхөн хэдэн зомби үлдээгээд  бусад хүмүүн төрөлхтнийг бултаар устгах зорилготой нэгэн байвал яах юм? Бас л зорилго, арга хоёр нь зөвдөнө гэсэн үг үү? Тэртэй тэргүй, долоон тэрбум хүнийг “тосонд умбуулж, торгонд хөлбөрүүлэх” нөөц баялаг эх дэлхийд маань  байхгүй. Тэгэхлээр үлдсэн жаахан баялгийг цөөн хэдэн “ухаантай” нөхөд л өөрсдөө эзэмшээд, үлдсэнийгээ гаргуунд хаях өөр нэгэн арга бий. Энэ нөхөд маань үнэхээрийн  биширмээр ухаантай хүмүүс билээ. Гагцхүү   энэхүү их биширмээр ухаанаа  ад мөрийн юманд  гүйлгэхдээ даанч гарамгай, тийм ч хэв зуршилтай амьдраад удчихсан болохоор энэ дэлхийд үлдсэн нөөц баялгийг хэнтэй ч хуваалцахыг хүсэхгүй.
Эндээс их ухаантай байх, ёс суртахуунтай байх хоёрын хоорондын тэнгэр газар шиг   хол зөрүү гарч ирээд байна. “Шунал ихэдвэл шулам болдог”  хуулиар билгүүн мэлмий нь сохроод, тэр их ухаан нь байгаль дэлхийд болон бусад хүмүүст аюул гамшиг тарих талдаа л ахиухан гүйнэ гэсэн үг. Гэхдээ ухаантай учраас өөрсдөдөө ашигтай үйлдэл хийхдээ хүн бүрийн  сэтгэл оюунд нийцсэн тусгай суртал, шашин, нийтийн соёл бодож олоод, хөлсний агентуудаараа дамжуулан улс орон болгонд түгээдэг. Нэг тийм “моод” шиг юм бий болгодог. Ихэнх хүмүүс өнөө “моодноос” нь хоцордоггүй хүн болох гээд үхэлдэж гардаг, тэгээд  мөнөөх сүрхий “зорилго” гээч юм нь биелж, нөгөө “ухаантнууд” маань хүний санаа саванд багтамгүй  олз ашиг, орлоготой болж байдаг. Үгүй ядаж л ойлгож ухаарсан хүн байлаа гэхэд өөдөөс нь юу ч хийгээд нэмэргүй байхаар бодож төлөвлөсөн байдаг. Тэд мөнгийг бүхнээс дээгүүр тавьж, шүтэн биширсээр  нэгэн зүйл шашин болгож орхисон. Тэрхүү   “мөнгөний шашин” гэхэд л газар дэлхийн ихэнх хүн амыг нэвт эзлээд, өдөр тутмын хэв суртахуун болчихсон тууж явна. “Мөнгө” гэдэг маань амин зуулгын нэг л хэрэгсэл болохоос хүмүүний хамаг үнэт зүйл нь биш шүү дээ. Гэтэл өнөө хүртэл хүмүүн төрөлхтний бүтээсэн бүх үнэт зүйлийг ганцаараа орлочихсон  байгаа нь л гайхал төрүүлж байна. Түүнээс биш, сайн сайхан, аз жаргалтай аж амьдралыг мөрөөдөн дурлахгүй хэн байх билээ дээ? Гагц энэ арга хэрэгсэл гэдгээсээ цааш давраад, бидний олон сая жилийн турш бүтээсэн хүмүүн мөн чанарыг маань эзэлчихсэн сүйтгэлийн шуурга дэгдээж, сүйрлийн манан хадуулаад байна. Хүмүүн бид чухам ингэхдээ тулах ёстойсон уу, эсвэл үгүй юү гэдэг асуулт гарч ирээд байна. Ёстой л нөгөө орших уу, эс орших уу гэдэг шиг.
Өнөөдөр энэ дэлхийд болоод байгаа дайн самуун,  өнгөт хувьсгал болон эдийн засаг, санхүүгийн  хямралын “далд зохиогчид” нь  нэлээд тохиолдолд нөгөө “цөөхөн ухаантнууд” байдаг. Та нар сайн ажаад үзвэл энэ дайн самуун чинь байгалийн баялаг ихтэй газар л болоод байгаа. Байгалийн баялагт нь эзэн суусан хойноо өнөө дайн нь дуусчихаад байгаа даа. Байгалийн баялаггүй газар тийм юм болох нь бараг үгүй дээ. Одоогийн Ливи, Сири хоёрыг л харьцуулаад үз. Үүнийг мэдэж байдаг хүмүүс нь тэдэнд үйлчлэгчид, ашиг болон хишгийг хүртэгсэд, үзэл сурталчид, мөнгөний шашныг номлогчид, хэвлэл мэдээллийн  агентууд нь байдаг болохоор илчлэхийг хэзээ ч хүсэхгүй (“хар нүднээс хөмсөг гадуур”  гэгчээр), хүссэн ч цаадуул нь “Чи дуугай урдах ажлаа л хий, бид мэдэж байна” гэсэн ганцхан хариултаар амыг нь таглана  Эдний далд эздийн хамгийн гарамгай чаддаг юм нь бусдын баялагт эзэн суух, зүрхэн тарни нь “Дэлхийн аль ч баялаг бол зөвхөн минийх” гэсэн аман шившлэг болой. Гэвч үүнийгээ тэд хаана ч, хэзээ ч бичиж нийтлэхгүй, амнаасаа ч унагахгүй, зөвхөн шившиж байгаад ажил үйл болгон бүтээхэд л оршино. Тэр ажил үйлээ бүтээхэд нь хамгийн их тус нэмэр болдог зүйл бол худал мэдлэг, хуурмаг мэдээлэл.  Тэд аливаа баялгийг их бага гэж ч голохгүй, хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэмж юу л бол юуг хамж авахад бэлэн.  Мөнгөний шашны сүм хийдүүд нь дэлхий хэрсэн банк- санхүүгийн сүлжээс, хувраг санваартан нь тэднийг удирддаг луйвар санхүүчид (санхүүчин болгон луйварчин биш л дээ), банкны эзэд (banker),  номлогчид (missionary) нь газар болгон томилогдсон эдийн засгийн алуурчид болой. Мөнгөний шашинд мунхрагсад нь яг л шашны фанатууд шиг байдаг. Гүрэн дамнасан сүлжээгээрээ дамжуулж, аль хүссэн банк, тэр ч байтугай улс орныг ч, тив бүс нутгийг ч дампууруулж, далд гараараа дэлхийг жолоодож байдаг. Ер нь дэлхийн эдийн засгийн хямрал гээд байгаа юм нь ямагт банк санхүүгийн хямрал байдагт нэг жого байна аа даа.
Гадаад хэлбэр дүрсийн бэлгэдэл нь хүртэл адилхан гээд бод. Католик шашинт өрнөдийн аль нэгэн хотод дээр үед хамгийн өндөр, хамгийн сүрлэг уран барилга юу байсан гэхээр “катедрал” (cathédrale) хэмээх цогчин дуган байсан. Тийм болохоор хот болгон нэг нэг тийм сүрлэг сайхан Нотр-Дамтай, үлдсэнүүд нь мөн “эглиз” (église) хэмээх дагалдах сүм хийдүүд.  Тэдний уран барилга нь готик (gothic) хэмээх тэнгэр сүлбэсэн хэлбэртэй. Харин одоо дэлхийн аливаа постиндустриал хөгжилтэй орны хот болгонд хаана тийм өндөр сүрлэг, тэнгэр чичилсэн уран барилга байвал тэр нь банк, санхүүгийн байгууллага л байдаг. Тэнд нь мөнгөний шашны мөргөлчид өдөр шөнөгүй хөлхөлдөж, ажлаа хийж байдаг.  Хэлбэрийн энэ давхцал   бас ч санаандгүй юм биш, хүмүүний далд ухамсрын үйлдэл байж мэднэ. Мөнгөний шашны энэ аймшигт сүлжээний гол гогцоог өнөөдөр хүртэл эцэст нь тултал хэн ч тайлж чадаагүй байна. Чадахгүй ч байж магад. Зах зухаасаа шүүрч эхэлж байгаа нь л гэхэд Америкийн Уол-Стритийн “Goldman Sachs”-ийн хэрэг билээ. Эндээс юу мэдэгдсэн гэхлээр хэрэглэгчдийн дунд хуурамч цуурхал дэгдээж, “санхүүгийн хорт бүтээгдэхүүн” (financial toxic product) гарган, түүн дээрээ тоглож “новшийн гэрээ” байгуулснаас үй олон хүн цалин, тэтгэвэр, хадгаламжаасаа хагацсан агаад, санхүүгийн луйварчид өөрсдийн зөв гэдгийг нотлуулахын тулд бусад нэр хүндтэй санхүүчдийг авлигадан хуурамч нотолгоо гаргуулдаг нь тогтоогдсон юм. Чингэхдээ энэ бүхэн огт зүгээр суугаад байж болохгүй болмогц нөгөө “цөөхөн ухаантнуудын” хийж буй илүү аюумшигт үйлдлээ халхавчилсан  золиосууд ч байж магадгүй. Тэндээс олсон ашиг орлогоо хэдхэн хүн хувааж тансаглаад, ард үлдсэн олон түмнийг амь амьдралаар нь хохироодог, тэгээд  наргин цэнгэцгээж байхдаа тэднийгээ “тэнэгүүд” хэмээн элэглэн шоолцгоодог байна. Тэхлээр бидний хэн нь ч гэсэн тэдгээр “тэнэгүүдийн” нэг болой. Өнөөгийн монголчууд бид ч гэсэн “тэнэгүүдийн” тоонд ороход ойрхон байгаагийн нэг жишээ нь  Лондонгийн  хөрөнгийн биржид бүртгэлтэй болох юм бол улс орон байтугай, хувь хүний хөрөнгө, санхүүгийн мэдээлэл манай хөрөнгийн биржээр дамжин бусдын гарт орж, хэзээ ч, хэнийг ч нүд ирмэхийн зуур үгүйрүүлэхэд бэлэн болох юм. Улс төрчид бол тэртэй тэргүй л барьцааны хүмүүс  гэсэн үг. Санхүүгийн ийм үлэмж болон бичил луйврын загварууд нь манайд “хадгаламж зээлийн хоршоо”, “сүлжээний бизнес” нэрээр орж ирчихээд, аж амьдралаа дээшлүүлчих гэсэн жирийн олныг бужигнуулж байгаагаас бага ч гэсэн санаа авч болох л доо. Энэ бүх үлэмж болон бичил луйврын аль нь ч гэсэн өмнөх бодролд өгүүлсэн ёсоор хүмүүнд заяамал оршдог муу авьяас, “муус хөрөнгөн” дээр тоглож чаддагаараа адилхан.
Дэлхийн банк санхүүгийн төв болох гэсэн өрсөлдөөн, мөнгөний солиоролд хэт автсанаас бүхэл бүтэн улс гүрэн, түүний нийслэл хэрхэн хэлмэгдэж байдгийн сонгодог жишээ нь Саудийн Аравийн Дубай хот юм. Манай сэтгүүлчид тэнд очиж ирээд, баян тансгийг нь ам шүд алдан хэлэх үгээ олж яддаг энэ хотын цаад үнэн байдал арай өөр юм. Дэлхийн хамгийн өндөр цамхаг цогцлуулах, цөлийн дөчин хэмийн халуунд, сэрүүн гудамжтай аялал жуулчлалын арлууд байгуулах мэтийн хоосон мөрөөдлийн  улмаас хөрөнгө оруулагчдын хөрөнгө мөнгийг сүйтгэж, одоогоор хэн ч хэрэгсдэггүй хорооллууд, эзэнгүй гоёмсог цамхгуудтай болчихоод байж байна.
Мөнгөний шашны номнол нь  юу вэ гэвэл орчин цагийн  болхичлон гуйвуулсан ашиг хэрэглээний үзэл-прагматизм (pragmatism) болно. Би энд  прагматизмын өөрийнх нь бодит агуулгыг муучилж хэлээгүй, “болхичлон гуйвуулсан” гэж онцоллоо шүү. Тэд тоталитаризмыг (totalitarism) шүүмжлэхдээ хэдүй гарамгай мэргэн боловч өөрсдөө өөр маягийн тоталитаризмыг бий болгосон юм.  Тоталитаризм гэж нэг л үзэл дангаар ноёрхохыг хэлдэг юм бол өнөөдөр мөнгөний шашин дангаар ноёрхож байгаа шүү дээ. Ямар ч сайн сайхан номнол нөгөө тийшээ хэлбийхлээрээ аюул гамшиг тарьдгийн бас нэг жишээ нь энэ. Прагматизмыг үндэслэгч сэтгэгчид (Чарльз Пирс, Уильям Жеймс, Жон Дьюи) маань ийм үр дагалдалд хүрнэ гэж бодоогүй ч байж мэднэ, тэдний зорилго болоод арга нь өөр байсан ч байж мэднэ, тэгээд эцсийн үр дүнг нь мэдрээд, “Ээ, би юу хийчих вэ” гэж халагласан ч байж магад. Тэгэхлээр өнөөгийн сэхээтнүүд наад зах нь хэний хэд дэх гарын “цэвэрлэгч” нь болоод явж байгаагаа мэдэж л амьдармаар байгаа юм даа? “Цэвэрлэгч” гэснээс ер нь одоо “клиниксийн цаг үе” болоод байх шиг байна. Бид ч гэсэн өдөр тутам, цаг тутам, нэг удаагийн хэрэглээний нойтон алчуураар (нойтон салфетка гэдэг дээ) гар нүүрээ арчаад л хаяад байгаа биз дээ. Энэ маань үнэт зүйлсээ бас ингээд л арчаад хаяад байгаатай агара (агаар биш шүү) нэгэн буй. Хайр сэтгэл гэж хэрэггүй, шөнө болгон нэг нэг хүүхэн хэрэглээд л хаяад байна, гэр бүл, үр хүүхэд гэж хэрэггүй, өөр өөр зочид буудал дамжаад л, угаалгын газар (laundry) нь юмаа  өгчихөөд л яваад байна. Чамайг ч гэсэн ил, далд эзэд чинь түүн шиг хэрэглээд л хаяад байна. Яг л “клиникс” гэсэн үг. Нэг л мэдэхэд чи өөрийнхөө насан туршийн амьдралыг эргээд нэг харсан чинь өөрийн хүссэн биш замаар, зүүдэндээ ч ороогүй  үйлээр, толгойдоо ч ороогүй зүйлийг хийчихсэн цохиж явах бий вий. Энэ бол манай эрин цагийн мөнгөний шашны риди шидийн гайхамшиг юм.   Нэг л мэдэхэд чамайг хэн нэгэн клиникс болгоод хогийн саванд хаяж байх магадлал бий? Хэдүй их  шан харамж – бонус (bonus) амлаад л, аваад л байгаа бол төдүй их клиникс болоод байгаа, хүмүүн мөн чанараа төдүй зэргээр арчуулж, зүлгүүлээд л байгаа гэсэн үг.
Далайд яваа хөлөг онгоцоо “живж байна” гэж хашгирсантай адил юм болохоор энэ бүх үнэнийг хэргийн эзэд нь өөрсдөө задална гэж хэзээ ч горьдолтгүй. Тэгэхлээр “тэнэгүүд” бидний хийж чадах зүйл нь үнэнийг  хагас заримдаг ч гэсэн ухаарч сэхээрэх, үр хойчистоо захиж үлдээх, улмаар  ёс зүйн үнэлэмжийн баримжаагаа өөрчлөх, ер нь ч цаашдаа  (аж амьдралын) философийнхоо морийг юүлэх явдал болоод байна. Тэр нь явж явж эргэлт буцалтгүй алдчих гээд байгаа “хүмүүн мөн чанартаа эргэхийн”  нэр юм. Нэг мөрөөдлөө хэлэхэд, хүмүүн төрөлхтөн өдөр тутмын аж амьдралын энгийн зүйлээс, тухайлбал,  задарсан замбараагүй хэрэглээгээ  эмхлэхээс эхэлж болно. “Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн” үлгэрээр хэсэг харайлгасан япончууд маань одооноос байгаль ээжийн сургамжаар хэт хэрэглээгээ бодолцож, зах зухаас нь хумьж эхэлж байна. Хэрэглээнээс юу үлдэж байна гэхлээр далайд хөвж яваа хорин сая тонн хог л  овоорч байна. Тэр хогон давалгаа нь өнөөдөр Америк, Канадын эрэг хавийнхныг хэцүүдүүлж байна.
Орчин цагийн  болхичлон гуйвуулсан ашиг хэрэглээний үзэл – прагматизмын үндсийн үндэс нь миний бодлоор явж явж, ХVII зууны Францын гүн ухаантан Рене Декартын (лат. Renatus Cartesianus 1596-1650) рационализм, түүний үр хүүхэд нь болох картезиан сэтгэлгээ юм. “Би сэтгэж байгаа учраас оршиж байна” (лат. cogito, ergo sum, фр. je pense, donc je suis) хэмээх философи санаанаас үүдэлтэй энэ үзэл маань соёл иргэншилд нэн чухаг хувь нэмэр оруулсан боловч хүмүүн бидний уг мөн чанарт арга билиг болон хослон оршдог иррациональ  талыг үгүйсгэхэд, зүйрлэн хэлбэл, өрөөсөн тал биеийг маань сүүдэр болгон хувиргахад, хатуухан хэлбэл, хүмүүнийг өрөөл татанхай болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Яагаад гэвэл, би сэтгэж байхдаа төдийгүй, мэдэрч байхдаа ч оршиж байдаг. Таван ухаан минь сарнисан ч, тансаг билиг минь тасраагүй л бол оршиж байдаг. Үүнээс юу юу болсон бэ гэвэл, хүмүүний иррациональ  талыг   тээгч үй олон үнэт зүйлийг үгүйсгэж, яргалан устгах зам руу орсон юм. Энэ нь рационализмыг үндэслэгчдийн буруу гэхээсээ илүүтэй дахиад уг үзлийг болхичлон хэтэрхийлсэнтэй л холбоотой. Олон зүйл соёл суртахуун, урлаг, урлал, дотогшоо гүнзгийрсэн бясалгал, домог зүй, бэлгэдэл зүйг мохоож мөхөөсөн юм. Гэтэл хүмүүний бүтээлч хүч чадал, авьяас билгийн шавхагдашгүй эх ундарга нь хүмүүний иррациональ талд бас оршиж байдаг. Чингээд өнөөгийн хүн хэн болж хувирах гээд байна гэвэл, өөрсдийн бүтээсэн машины нэгэн төрөл, анхны бодролд өгүүлсэн ёсоор “махан машин” болж хувирах гээд байна. Тэгээд нэг талд нь хиймэл оюун ухаан, нөгөө талд нь заяамал оюун ухаан хоёр л үлдэх гээд байна. Тэгэхлээр яадаг юм гэж үү, энэ хоёрын алалцаан эхэлнэ гэж бодож байна. Энэ хоёрын ижил төстэй тал нь “эх нярайлах” гэдгийг “том  төмрөөс жижиг  төмөр тасарч унах” гэхчлэн загварчилна. Алалцаанаас юу үлдэхийг харин хэлж мэдэхгүй юм даа. Чухам ийм аюул нүүрлэж байгааг анзаарсан дээрээс өрнө дэхиний олон иррационалист философи чиглэлүүд  (И. Г. Гаман, Ф.Г. Якоби, Артур Шопенгауэр), Фрейдийн сэтгэц задлаг, экзистенциализм (Сёрен Кьеркегор,  Карл Ясперс, Мартин Хайдеггер, Жан-Поль Сартр, М.Мерло-Понти) зэрэг философиуд гарсан юм. Гэвч өрнөдийнхөн өөрсдийн философи сэтгэлгээнд шинэ зүйл авчирсан боловч соёл иргэншлийнхээ хөгжлийн  хурдац дунд хүмүүний иррациональ мөн чанарыг бүрэн ойлгох  боломжоо нэгэнт гээсэн учраас өөрсдөө “алдагдсан иргэншил” (civilization perdu) болсон гэж ярьдаг. Зарим тохиолдолд энэ нь “моод” хөөцөлдөх, шуугиан- сенсааци дэгдээх  явдал болоод өнгөрөх нь ч бий.
Рационализм болон түүний үр хүүхэд нь болох картезиан сэтгэлгээ хүмүүн төрөлхтөнд шинжлэх ухаан, технологийн ер бусын дэвшил хөгжлийг авчирсан нь үнээн. Харин энэ дэвшил хөгжлөөс нь бидэнд сайн зүйлээс илүүтэй саар зүйл л олон тулгарлаа. Атом цөмийн нууцыг нээснээр бидний мэдлэг “ертөнц дотогшоо хязгааргүйг” мэдсэн боловч түүний үр шимээр үй олноор хөнөөх зэвсэг-атом, ус төрөгчийн бөмбөг мэтийг бүтээж бие биесээ ахиухан тоотой алах, улмаар бидэнд заяасан цор ганц алаг бөмбөрцгөө хэд дахин устгах л боломжтой болов. “Цөмийн гар цүнх” хэн нэгэн солиотны гарт орчихвол ухаантай, ухаангүй, баян, ядуу гэх юмгүй цөм л хорвоогоос тонилно. Генийн нууц кодыг тайлснаар бид хэнээс юунаас үүсээд, хаанаас хаашаа түгэн тархсанаа мэдэх боломжтой болсон авч мөнгөтэй “ухаантнууд” нь мөнгөгүй “тэнэгүүдээ” генийн аргаар газрын хөрснөөс арчих боломжтой болсон төдийгүй, бүүр байчихаад Гитлерийг босгож ирэх ухааны юм яриад байцгааж байна. Энэ бүхний улмаас хүмүүн мөн чанар маань улам л цөвүүн шинжтэй болж байна. Хаа байна тэр хүмүүнийг төгс төгөлдөр, сайн сайхан болгосон чинь? Нэгэнт олсон ололтоо буцаагаад булшлах нь утгагүй боловч энэ бүхэн яавч сайн сайхан юманд хөтлөхгүй нь нэгэнт тодорхой болоод байна. Яахав өнгөн талын засал чимэг хийчихэж болох болох боловч эдийн засгийн нэг хямрал болоод л бүхнийг арчиж орхиж байна. Хэдэн жилийн өмнө байсан европ хүний сэтгэлгээ эргээд нэг очиход л өөрчлөгдөөд байна. Харин хаа очиж, Карл Ясперсын хэлсэн нэг мэргэн үг их үнэн болох нь тодорхой боллоо. “Хүний [хүмүүний] бодот ахуйг шинжлэх ухаанаар танин мэдэх боломжгүй, шинжлэх ухаан бол эд юмсын л тухай мэдлэг өгөхөөс биш, хүнд [хүмүүнд] хамгийн чухал зүйл болох оршихуйн үнэ цэнийг тогтоон өгч чадахгүй” гэдэг л яг үнэн голыг нь олж хэлжээ. Үүн дээр нэмээд хэлэхэд шинжлэх ухаан, технологийн ололт нээлтүүд нь хэрэв соёл иргэншилт дэлхийгээ устгачихгүй шиг байлгаж чадвал бидний тав тухтай амьдралын бүхий л нөхцөлийг хангаж өгөх нь тодорхой боловч бидэнд байдаг заяамал муу авьяас, “муус хөрөнгөнөөс” маань  жаахан ч гэсэн зайцуулж хүчрэхгүй нь ч бас л тодорхой байна. Шинжлэх ухаан, технологи маань хүмүүний гадаад ертөнцийн болон нийгмийн зүй тогтол, өөрийнх нь биологи, физиологийн хууль жамыг нээж чадах боловч харин хүмүүний оюун санааны оршихуйг ухааран тайлахад ямар ч тус нэмэргүй гэсэн үг.   Ийн хэлснээрээ би шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс бүрэн татгалзъя гээд байгаа юм биш, түүнийг  болж өгвөл аль болох энэрэнгүй зорилгод чиглүүлье, дахиад л мөнгөний боол бүү болгочихъё гэх гээд байна. Гэвч мөнгөний шашин ноёрхож, МӨНГӨ хаанчилж байгаа цагт тэр бүхэн бүтэхэд даанч төвөгтэй. Тэхлээр би МӨНГӨ хэмээх хаанаа солъё, зүгээр л байх ёстой байрт нь аваачъя, эсвэл    сүйрүүлэх  тэр их хүчийг нь хүмүүнийг   аврахад чиглүүлье, түүний үндэс хөрс болоод байгаа философийг сольё л гэх гээд байна.  Дүрсээ юүлье гээгүй, морио юүлье л гэж байгаа ухаантай юм.

Францын Франсуа Раблегийн нэрэмжит Турын Их Сургууль. С.Дулам


Monday, December 26, 2011

Хүмүүний СҮЙРЭЛ... -пост-постмодернист бодрол-


Энэхүү зурвас бодролыг уншигчдад эхнээс нь анхааруулахад яг одоо дэлхий дахинд болон манай оронд болж буй үйл явцыг анзааран ажигласнаа та бүхэнтэй хуваалцаж, санал бодлоо солилцох гэснээс биш зөв буруу, сайн муу гэсэн үнэлэлт яаран өгөх зорилгогүй гэдгээ цохон тэмдэглэмээр байна.  Сүүлийн үест Хүмүүний төгсгөл болж буй мэт үргэлж санагдах боллоо... Сансарт солир харвах ч яах вэ, бидний дотор талд нэгэн их эрхэм чухаг амьд ертөнц мөхөж буй мэт мэдрэмж төрөөд байдаг болчихлоо. Гэвч юуны өмнө “Хүн” (Хүн дүрст) , “Хүмүүн” хоёрын ялгаа юу вэ? Ер нь ялгаа бий юү, үгүй юү гэдэг асуулт байна.  Англи хэлний хүмүүн төрөлхтнийг тэмдэглэдэг “human, human being” хэмээх үгс (латин хэлний homo ч гэсэн) дуудлагын хувьд [‘hjumən] гээд л монгол хэлний “хүмүүн” [kumǖn]-тэй яагаад ийм ойр төстэй байдаг юм бол?
Энэтхэг-Европын хэл, алтай язгуурын хэлний хоёр ондоон үгс  ийн төрөлсөх ямар учир байна вэ? Тохиолдлын хэрэг үү, эсвэл эрт язгуурын нэгэн улбаа байна уу гэсэн сониучхан бодол төрдөг өө. Монгол хэлний “Хүмүүн” гэдэг дөрвөн авиалбар, “Хүн” гэдэг гурван авиалбар болоод ирэхлээрээ утгын ялгараа илэрхийлэх үү? Монгол хэлний өнөөгийн мэдлэгийн хэрээр хуучин бичлэг дуудлага, шинэ бичлэг дуудлагаас өөр утгын ялгаасаад байх юм нэг их үгүй. Хэдүй тийм боловч бид “Хүмүүн” гэдэг нь бусад сав шимээс ялгарсан амьд төрөлхтний манлай гэсэн утгаар, “Хүн” гэдгийг нь өдөр тутмын аж хэрэглээний утгаар ялган нэрлэж болмоор санагдана.
Чингээд өдгөө цагийн баг идээндээ баригдсан, өдрөөс өдрийн хооронд, шөнөөс шөнийн хооронд залгалдан амь зууж яваа, хамгийн гол нь хүмүүний мөн чанараа юугаар ч арилжихад бэлнийг нь “Хүн” гээд, аж төрөн буй байгаль дэлхийгээ, өөртэйгөө хамт авран чадах аугаа хүчтэн, ухаантан, энэрэхүйн үзэлтэн гэдгээр  нь “Хүмүүн” хэмээн цолломоор санагддаг.
Гэтэл бид өнөөдөр “Хүмүүн” биш болоод удаж байна. Байгаль  дэлхийгээ, өөрийн бүтээсэн соёл иргэншилтэй хамт булшлан мөхөөх тэр л зүг рүү эргэлт буцалтгүй хурдлаад байна. Түүнийг зогсоох хүч бий эсэхэд эргэлзмээр... Урьд өмнө олж авсан  үнэтэй цэнтэй гэсэн бүх зүйлээ алдаж гээгээд хоосон торх шиг юм болчихоод “газрын уруу өнхрөөд” байна. Одоо бидэнд тэр бүхний оронд гагц л үнэт зүйл үлдсэн бөгөөд тэр нь ердөө “Мөнгө” болой. Мөнгө маань хөрвөх чадамжтай эд болохоор гэр, байшин, орд өргөө, эдлэн газар, бүхэл бүтэн арал тив, тэнгэрт нисдэгээс тэнгист хөвдөг зүсэн бүрийн хөлөг уналга болж болно. Эд эрдэнэс, хувцас зүүсгэл ч энүүхэн энд. Мөнгө маань идээ ундааны бүхий л  шимд хувилж болно. Одоо цагт бол бие эрхтэн, амь нас, үр хүүхэд болж чадна. Тэгэхлээр мөнгөнөөс өөр юу ч хэрэгтэй юм бэ дээ? Зарим газрын хуулиар бол дургүй хүргэсэн этгээдийг цааш нь харуулчихаад нөхөн төлбөр, барьцааны мөнгө энээ тэрээг өгөөд суллагдаж болно.
Тэгэхээр би амин нас болдог гэж хэлээд байгаа юм. Өнөө цагийн мөнгөтэй хүмүүс ядуу юмуу, мөнгөний гачаалд орсон эмэгтэйн савыг ашиглан нөхрийнхөө үр хөврөлийг суулган өөрөө хүүхэд гаргах гэж зүдрэлгүй үр садаа гаргуулаад авч болно. Тийм болохоор би үр хүүхэд болдог гэж хэлээд байгаа юм. Тэгээд ч эсээс хүн хувилах эсэх тухай бөөн маргаан өрнөж байх шиг. Ингэхлээр чинь өнөөх аугаа Хүмүүний маань хөгжил дэвшлийн туйл нь ийм л зүйлд зорьж тэмүүлж ирсэн хэрэг үү?  Би аливаа дэвшил хөгжлийг жадлан эсэргүүцэгч биш ээ. Харин Хүмүүний мөн чанар улам төгөлдөржин сайжрах, хэдий төгс бус боловч төгс төгөлдөрт тэмүүлэгч тийм хөгжил дэвшлийг л талархагч нэгэн.
Гэтэл өнөөдөр Хүмүүн маань зөвхөн хүний дүрсийг л загварчилсан “цөвийн амьтан” болох төгсгөл рүү хурдлаад байх юм. “Цөвийн” гэдэг нь муу юм бүхний  шавхруу гэсэн үг л дээ.  Мөнгө гэдэг гагцхан л үнэт зүйлтэй юм бол Хүмүүн гэгч одоо нэгэнт омог бардам оршихоо больсон гэсэн үг бөгөөд зүгээр тэмдэг төдийхөн Хүн дүрст нь бол байж байгаа гэсэн үг. Дүрс нь хүн мөн боловч дотоод мөн чанар нь хоосорсон гэсэн үг. Тэхлээр энэхүү хоосорсон Хүн дүрст маань “Мөнгө” гэдэг гагц л программаар ажилладаг нэгэн төрлийн “махан машин” болно гэсэн үг. Зарим нь ч бүр өөрөө “махны машин” болчихоод бусдыг хэрчин тээрэмдэж байдаг. Мөнгө л байвал түүнд юу ч хайран биш, юун яасан аав ээж, үр хүүхэд, юун яасан хайр дурлал, юун яасан хүний мөс чанар, эд цөм шал балай зүйл... Тэр тусмаа постмодерн нийгмийн хүн маань ийм.
Гүйцэтгэл, үр дүн, борлуулалт, бүтээмж гэсэн мөнгөөр илэрхийлэгддэг тэр зүйл л хэрэгтэй. Үлдсэн нь чөтгөр шулам руугаа тонилцгоовол таарна. Өрнийн ертөнцийн номын дэлгүүрийн тавиурууд дээр гараа элгэндээ эвхээд хоёр тийшээ харсан, ар араараа зүглэсэн ээж охид, эцэг хөвгүүдийн зурагтай ном пиг дүүрэн. Эцэг эх, үр хүүхдийн хоорондын харилцаа маань бие биеэ үзэн ядсан хоёр дайсны харилцаа болчихоод байна. Тэгээд ч хүний амьдралыг янз янзаар үнэлсэн байдгийн дотор япон зохиолч Рюноскэ Акутагавагийн “Хүний амьдрал Шарль Бодлерын шүлгийн гагц мөрийн ч үнэгүй” гэдэг өвөрмөц үнэлэлт байна. Зохиолч, яруу найрагч хүний хувьд болохоор амьдрал ийм л үнэтэй байна гэсэн үг.
Ямар ч нөхцөл байдалд гарах гарцаа олж оршин амьдрах чадвар, тэсвэр хатуужил, зориг самбаа, хэр баргийн өвчин эмгэгийг тэсэн гарч чаддаг эрүүл чийрэг байдал, дархлаа зэрэг олон мянган жилийн шилдэг сайн чанараа гээгээд бие махбодын хувьд хүүршиж, сул доройчуудын бүхэл бүтэн аймаг, бүлэглэл бий болсон байна. Үүнд сүлжээний бизнесийн тусгай лабораторид бүтээн тараасан шинэ төрлийн вирусүүдийг анагаах зориулалттай туршилтаар бий болгосон элдэв эм, тариа, бад, вакцин, антибиотикийн үүрэг үлэмж их билээ. Улмаар дэлхий дэхинд нүүрлэх хүнсний хомсдол, өлсгөлөнгөөр далайлган сүрдүүлж, генийн өөрчлөлт бүхий “шинэ” хүнсний бүтээгдэхүүн “бүтээж”, бүхэл бүтэн үндэстэн угсаатныг газрын хөрснөөс арчих, үр удамгүй болгох эрсдлийг бий болгож байна. Зарим үйлдвэрлэгчид их ашиг олохын төлөөнөө, хүнсний барааныхаа өнгө зүсийг  додомдох, амтыг нь гойд болгохын тулд хүний биед хортой химийн бодосоор  тордож, хүн амын, тэр дундаа хүүхэд нялхасын эрүүл мэндийг үрэн таран болгож байна. Бусдыг хүндэтгэх хүлээц хүлцэмж, дасан зохицох сэтгэлийн хатамж, бусдын төлөө өөрийгөө золиослох нигүүлсэнгүй чанараа алдаад, элдэв дээдийн шашин суртахуун, үзэл суртал, сүлжээний бизнес, нийтийн соёлд тархиа угаалган, зөвхөн мөнгийг шүтэх эрүүл биш сэтгэлгээнд хэт автагдан,  хотжилын стресс, хөгжлийн хурдад бүдэрцгээсэн хагас галзуучууд болцгоон, эсвэл бүр бөөнөөрөө галзуурахын босгон дээр ирцгээгээд байна. Үгүй юмаа гэхэд психотроникийн зэвсэг, сэтгэцэд нөлөөлөх эм бодос, гар утас, компьютер зэрэг хүний өдөр тутмын хэрэглээний элдэв багаж  төхөөрөмжийн  тусламжтайгаар өөрийн гэх тархи толгойгүй, сэтгэх чадваргүй, сөрөн тэмцэх ямар ч зориг санаагүй, хэн нэгний команд, тушаал хүлээсэн “зомбичууд”, бичгийн мангуунуудын хувь заяа  нүүрлээд байна. Сансрын мэдээллийн технологийн  ололтоор өдгөө энэ дэлхийд ямар ч нууц зүйл гэж байхаа больсон бөгөөд хүн зөвхөн нууцаа алдаагүй хэмээн хоосон дэмий итгэж амьдрах, эсвэл ямар нэгэн зориулалтаар илрүүлэх хүртэл нь хүлээсхийж амьдрах хоёрхон л зам бий.
Постмодерн нийгэмд эрдэм мэдлэг басхүү үнэн байх албагүй болсон бөгөөд шууд борлодог бүтээгдэхүүн болж байх нь л эрхэм чухал болсон билээ. Манайд л лав эрдэмгүй, бүтээлгүй эрдэмтэд их “моодонд” орж байна. Заримынх нь өмнөөс ичиж нүүр улайхын зовлонг эдэлж  амьдрах болж байх шиг. Нэг нөхөр эрдмийн зэрэг хамгаалаад номын хурим хийсэн чинь багын найз нь ажил төрөлтэй байсан юм уу даа баахан оройтож ирж гэнэ. Тэгэхлээр эрдмийн зэрэг хамгаалсан анд нь “Чи одоо хүнийг эрдэмтэн болчихоод байхад хоцорч ирээд байх даа яадаг юм” энэ тэр гээд үг хаясан чинь цаадах нь мөчөөгөө өгөлгүй “Чи эрдэмтэн л болсон юм байгаа биз, ямар эрдэмтэй болсон юм уу” гээд амыг нь тагласан гэдэг. Тэгэхлээр үнэхээр “эрдэмтэн болох”, эрдэмтэй байх хоёрын хооронд алд дэлэм зөрүү байх шиг байна.
Уламжлалт үнэт зүйл, ёс суртахууны үнэлэмжүүдийг устгаснаас ёс суртахуун нь зөвхөн гадаад өнгөний чимэг зүүлтийн төдий болж, далд цаагуураа ёс суртахуунгүй байдал, эмх замбараагүй бэлгийн харьцаа, хүний нүднээс далд, барим тавим баримтгүй бол яахад ч бэлхэн сэтгэхүй ноёрхож байгаа гэхэд болно. Үүний нэгэн тод жишээ нь, өсвөр залуу насныханд хайр сэтгэл гэдэг юм, балар бүдүүлгийн дурсамж юм уу хөдөөх зах хязаарынхны хөглөлт дурсамж болон хувирсан  явдал  болно. Үнэнч хайр сэтгэл өнөөдөр Кихот ноёны хөглөлтэй адил зүйл болжээ. Мөнгөний өмнө арчаагаа алдсан, хамаг үнэт зүйлсээ тавиад туучихсан хүнийг харахаар зүрх сэтгэл минь шимшрэх юм даа. Үүний нөгөө талд мөнгө л байвал юуг ч худалдаад авчихаж болно гэсэн хатуу итгэлтэй, төмөржин зүрхтэй,  хөрзөн царайтай хүмүүсийн арми жагсаж байна. Мөнгөтэй болгон ийм биш байх л даа, гэхдээ  нэлээд нь ийм байгаа гэхэд эргэлзэх зүйл алга. Учир нь мөнгөний Хүмүүнийг эвдлэн сүйтгэх ид хав нь цаглашгүй ажээ.
Энэ бүх муу мундарын эх үүсгэл нь юунаас болсон бэ?
Хүний бүх муу мундарын эх үүсгэл нь түүнд  заяамал  оршдог муу авьяасын хөрөнгө дээр дэндүү их тоглосноос л үүдэлтэй. Хүмүүнд заяамал байдаг урин, мунхаг, тачаангуй тэргүүлсэн муус хөрөнгөнүүд!. Үүнийг “муусайн хөрөнгөтнүүд” гээд битгий ойлгочихож үзээрэй дээ. “Муус” гэдэг нь муугийн олон тоо, эртний монгол үлгэр домогт эм мангасын нэрийдэл болж байсан, өнөө ч зарим монгол аялгуунд үлдэж хоцорсон үг. “Хөрөнгө” гэдэг нь эд хөрөнгөтэй хамаагүй, харин “таргийн хөрөнгө” гэдэг шиг аливаа үйлтгэлийг анхлан үүсгэгч үр хөврөл гэсэн санаа. Тэгэхлээр ерийн, хэв дундаж байдалтай хүмүүний хэрэглээг гаргавал, хэт их хэрэглээ, хэтэрхий цамаан тансаглал, түүгээр урхидан татах зүсэн зүйлийн  урхи мэх, атаа, шунал, хорсол, омог дээрэнгүйг дэвэлгэх, мунхаг авир, мунаг тэчьяадлыг хөөргөх, муу юманд дурлах төрөлх авьяасыг сэрээх урлагийн оронцог, нийтийн соёл энэ бүхэн маань явж явж Хүмүүнийг бүрмөсөн сүйрүүлэх зам руу хөтөлж байгаа юм.  Хүмүүн тун цөөхөн үлдээд, одоо хоёр янзын хүн   дүрст л элбэг байна. Нэг нь худалдан авагчид, нөгөөх нь худалдуулагсад. Байзаарай, энд би ажил олгогчид, цалинжигсдыг хэлээгүй юм шүү. Хүмүүний мөн чанарыг худалдан авагсад, хүмүүний мөн чанараа бусдад арилжигчдыг хэлээд байна.
Бэлгэдэл төгөлдөр аугаа их хүмүүн төрөлхтөн маань тэмдэг төдийхөн хүн дүрстэн болчихыг өөрийн биеэр үзлээ. Тэмдэг, бэлгэдлийн хооронд тийм их ялгаа байсан юм  байна шүү дээ. Одоо тэгээд яахсан билээ, Хүнээс Хүмүүнээ хэрхэн булааж, буцааж авдаг юм билээ? Өнөө Бурхан тэнгэр нь ч хаачсан юм билээ? Эсвэл байдаг ч байсан нэмэргүй гэж экзистенциалистуудын хэлдэг нь үнэн юмсан уу? Үгүй юм бол өнөө Ницшегийн хэлдгээр Бурхан тэнгэр нь өөрөө бурхан болчихоод дураар дургидаг цаг ирээ юү? Тэгвэл одоо бидний буян нүглийг хэн ялгах юм, бузар булайг хэн гэсгээх юм? Хэн харыг нь хагалж, цагааныг нь цатгах юм? Хэн ч байхгүй юм бол энэ амьдрал гэдэг чинь угаасаа л хоосон мунхаг шог байсан юм уу?   Эсвэл Бурхан тэнгэртэй тэнгэргүй Хүмүүн бид өөрсдөө л учраа олох ёстой болоод байнаа даа.
Зөвхөн өөрөө, өөрсдөө сайн сайхан байвал үлдсэн нь надад хамаагүй, галав юүлж байсан ч манд падгүй гэдэг мунхаглалаас хамаг юм үүдээд байна. Шуналаа дарж зогсоож чадахгүйгээс  муу мундар бүхэн гараад байна. Гараг ертөнцийг эрхшээсэн ч үл цадах, үл ханах шуналын бузраас энэ бүхэн болоод байна. Уг нь нэгэн биед, нэгэн насанд нэг их юмны хэрэггүй сэн, хүн амин зуух боломжийн орох орон, оочих аяга, ор дэр, одоо цагт бол усанд орох онгоц, шүршүүр, унаад явах тэрэг унаа, гайгүй шиг хурдтай компьютер, гар утас байвал л бараг болчих юм. Тэр онгоц шүршүүрийг алтаар хийсэн,  өөр юмаар хийсэн нь нэг их ялгаагүй. Тэр унаа нь заавал “Хаммер”, “Лимузин” байх ямар ч албагүй. Байтлаа бид чинь эд бодосыг шүтэгч эрт балрын цалиг шүтлэг (fetishism) рүүгээ эргээд ирж байгаа юм биш биз дээ? Шүтлэг бол шүтлэг, ямар ялгаатай юм? Эсвэл чулуу шүтэхээр муу байдаг, байшин шүтэхээр сайн байдаг юм уу? Байшин чинь хэлбэр оруулчихсан л чулууны овоолго шүү дээ. Лав л миний дэргэдүүр жийп машин, жинсэн өмд шүтдэг хэсэг улс  байх юм.
Байгаагаараа сэтгэл ханах гэгч үгүйгээс, дэргэдэхдээ атаархаж, ямар ч аргаар хамаагүй  дээгүүр нь гарах гэснээс их юм болж байна. Энэ бол  өчүүхэн жижиг сэдлээс үлэмж том гай гамшиг гараад байгааг хэлж байгаа юм л даа. “Байгаагаараа сэтгэл ханах”... гэдэг нь манай өвөг дээдсийн үг л дээ. Энэ үг маань өнөө цагт ямар их цэцэн мэргэн сонсдож байна гээч... Гэтэл нөгөө “идэвхтэй зарчмын” ёсоор чинь болохгүй гээд байгаа. Боломжгүйг болгох гэж хэтэрхийлэн зүтгэснээс их муу юм гардаг шиг байна. Хүн төрөлхтний болон байгаль дэлхийн ирээдүйд ямар гамшиг хөнөөл учрахыг боддоггүйгээс, бодохыг ч хүсдэггүйгээс энэ бүхэн гардаг шиг байна. Хүмүүн үнэхээр ухаантай юм бол, хүмүүн үнэхээр энэрэнгүй юм бол дандаа хорлолгүйг сонгож аж төрдөгсөн бол ийм зүйл хэзээ ч болохгүйсэн дээ. Энэ маань нэг их шинэ юм биш байж мэдэх ч, өнөө цагийн хамгаас эрхэм чухаг юм болоод байна. Өршөөгөөрэй, би баяжихыг, хөрөнгө мөнгөтэй байхыг жигшин зэвүүцэж, үзэн ядаагүй юм шүү, чи мөнгөжихдөө, баяжиж хөрөнгөжихдөө болж өгвөл өрөөл бусдад л хорлолгүй замыг нь сонгооч гэх гээд байна. Өөрийн авьяас чадвар, эрдэм ухаанаар баялгийг бүтээж байгаа хүмүүсийг би чин сэтгэлээс бишрэн талархдаг. Хэдүй ядуу зүдүү ч гэсэн шударгаар хөдөлмөрлөж буй хүмүүсийг би бас хүндлэн хайрлаж, Хүмүүн гэдэг эрхэмсэг цолоор цоллох болно. Тэгэхлээр миний хэлээд байгаа  “Хүмүүн гэдэг эрхэм алдар маань албан тушаал, хэргэм зэрэг, удам угсаа, яс үндэс, шашин шүтлэг, англи хэлээр ярьдаг, ярьдаггүй болон эд баялаг, эрх мэдэлтэй ямар ч хамаагүй юм.
Нэгэн цагт өөрийн үйлдсэн аюумшигт гэмт хэргийг далдлан баллахын тулд есөн шидийн  заль мэх хэрэглэж байгаад төрийн дээд зиндаанд очсон Хүн дүрст араатад байдаг байхад, үнс тоос зөөдөг, уурын зуухны галч, нүглийн сүүдэр ч үгүй, нүүр нь халтартсан Хүмүүн ч байж болно. Өрсөлдөгчдөө хүмүүн бусын аргаар зайлуулан хөнөөж өндөрлөгт хүрсэн дэлхийн болон аль нэгэн улсын тэргүүн баян Хүн дүрст байдаг байхад  таргийн таван ямаанаас өөр өмчгүй, цэвэр ариун үйлс сэтгэлтэй малчин Хүмүүн байж болноо доо. Үүний эсрэг өөрийн авьяас билиг, эрдэм чадлаар асар их баялгийг хураан хуримтлуулаад, хүмүүн төрөлхтний сайн сайхны үйлст түүнийгээ зориулж байдаг аугаа их Хүмүүн байж болдог байхад өөрийн арчаагүйгээс нийгмийн шаар шавхруу болоод зогсохгүй, тэнэмэл бяцхан охиныг өвөртөө оруулах гэхэд  нь зөвшөөрсөнгүй гээд унтаагаар нь бензин асгаж шатаасан хүн дүрстийг бид сонсож чих даслаа. Ингэхлээр дээр ярьсан зүйлс Хүмүүн болон хүн дүрстийг ялгахад ямар ч хамаагүй байгаа биз.  За тэгээд, бидний Хүмүүн болон хүн дүрстийг үнэлдэг  шалгуур маань дэндүү хоцрогдож үжиршсэн байна даа. Ер нь өнөөдөр энэ дэлхий дээр бүх л юм шинэдэж байхад хамгийн их хуучирч  ялзарсан юм гэвэл энэ л байх шив дээ. Хүмүүний гоо сайхны үнэлэмж ч гэсэн хэрэг тусаа барлаа. Бүх хүмүүн төрөлхтөн яахлаараа заавал  өнөөгийн “Фэйшн ТВ”-ийн үнэлэмжээр гоо сайхныг тодорхойлох ёстой юм. Заавал яагаад өөрийгөө албадан араг яс болгосон, түүнээсээ болоод эрүүл бишийн эмгэг олсон,  шатан хөлтэй, салтаа нь онгорхой хүүхнүүдийг гоо сайхан гэж үзэх ёстой юм? Тэгсээр байгаад өнөөгийн охид “анатомийн үзүүлэн” шиг арьсан дээр тохоотой хэлхээ яс болохыг мөрөөдөөд байдаг болчихлоо. Тайландчууд шиг тарган бүсгүйг таалахаа байг гэхэд биедээ тохирсон унаган мах мяраатай, үндэсний хэв төрхөө өвөрмөцөөр хадгалсан бадман бүсгүйчүүд байж яагаад болдоггүй юм. Яагаад  заавал өндөр жацтай гээд байгаа юм. Тэгж яривал анагаах ухааны судалгаагаар дунд зэргийн юм уу  намхан биетэй бүсгүйчүүд бусдаас илүү эрүүл чийрэг, амьдрах чадвартай, тэсвэр хатуужилтай байдаг гээд байгаа шүү. Энэ Хүмүүний таашаал гэдэг чинь хэдэн ч янз байж болно биз дээ? Гэвч энэ бол энд биш,  жичдээ ярих  зүйл байх л даа.
Хүмүүний дотоод мөн чанарыг бүрдүүлдэг тэр зүйл маань дөрвөн сая жилийн турш бидэнд төлөвшсөн гээд бодохлоор нэг бодлын өнө урт хугацаа юм шиг атлаа дөрвөн тэрбум жилийн настай анхны амьд эс маань хувьсан хувьссаар хүмүүн гэдэг төрөлхитнийг гаргасан гээд үзэхээр энэ хугацааг бүтэн жил юм  хэмээн бодвол дөчин мянган жилийн өмнө үүссэн ухаант хүмүүн Homo Sapiense маань үүсээд ердөө арван тавхан минут л болж байгаа билээ. Бид үүсээд арван тавхан минут л болж байна. Гэтэл бид түүнийг сүүлийн нэг зуун жил буюу нэг минут хүрэхгүй хугацаанд л үндсэнд нь үгүй хийгээд дуусгалаа. Ингэхлээр бидний хүмүүн мөн чанар маань ямар үнэ  цэнтэй атлаа ямар хэврэгхэн эд байгаав дээ гэж харамсан халаглахад хүргэх юм. Нэг хүний үхэл ч яахав, ер Хүмүүний төгсгөлөөс л айх шиг болох юм.   

2011. 12. 03 Алтан тэвшийн хөндий              С.Дулам

(Зохиогчийнх нь зөвшөөрлөөр нийтлэв)